Зам дагуу хуушуураар үйлчилдэг зөвшөөрөлгүй гэр олширчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан хотоос Эрдэнэтрүү чиглэсэн төв замын дагуу болон Хараа голын гүүрийн хажуугаар хуушуурын гэрүүд байрлаад цөөнгүй хугацаа өнгөрчээ.
Энд Дархан хотын иргэд хувиараа, зарим нэг цайны газрууд хуушуур хийж голын эрэг даган усанд орохоор ирсэн амрагчдад худалддаг. Эдгээр хуушуурын гэрүүд хаанаас зөвшөөрөл авч хэн эрүүл ахуйн талаас нь хяналт тавьж хүнд хор болохгүй бүтээгдэхүүн борлуулж байна вэ гэдэг нь бүрхэг. Газар нутгийн тухайд Хараагийн гүүрээс цаашх нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт харьяалагддаг болохоор Сэлэнгийн талаас зөвшөөрөл олгосон гэж тайлбарлаад Дарханчуудад үйлчилдэг. Тэдгээр гэрүүдийн цөөнгүй нь огт зөвшөөрөлгүй гэнэ. Дархан сумын ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батзул “Эцсийн бүлэгт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол, хүнс худалдаалснаас болж иргэд эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага хүлээх вэ? Хоёр аймгийн газар нутгийн хоорондох завсардлаас болж зарим иргэд завшдаг байдал гарч байна. Эдгээр хуушуур зарж байгаа гэрийн эзэд зөвшөөрлөө Сэлэнгэ аймгаас авсан Дарханд хамаагүй гэдэг. Цаашлаад Дарханд архи зардаггүй өдрүүдээр “Ширээ нуруу”-ны зарим дэлгүүр Сэлэнгийн нутагт байдаг гэсэн шалтгаанаар архи худалдан борлуулдаг зөрчил байнга гардаг” гэлээ.
Б.Норовсамбуу