АНУ-тай энхийн гэрээ байгуулах нөхцөл хараахан бүрдээгүй байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-24 13:17:17

СӨҮЛ. /TASS/. Бүс нутгийн байдал Пёньян, Вашингтоны хооронд энхийн гэрээ байгуулах боломж олгохгүй байна гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Тэ Сон мэдэгдсэнийг Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг (KCNA) нийтэлжээ.


“Дайн дууссан тухай тунхаглалд гарын үсэг зурсны дараа ялангуяа Солонгосын хойгийн өнөөгийн байдал хурцадмал байгаа үед АНУ БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлогоосоо татгалзана гэсэн ямар ч баталгаа байхгүй байна” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.


Түүний мэдэгдсэнээр, Пёньян Солонгосын хойгт дайн дууссаныг зарлах нь эрт байна гэж үзэж байгаа бөгөөд одоо байгаа санал зөрөлдөөнийг шийдвэрлэж чадахгүй.


Солонгосын хойгт тогтвортой байдлыг хангах гол нөхцөл бол АНУ давхар стандарт, дайсагнасан бодлогоосоо татгалзах явдал юм гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч цохон тэмдэглэжээ.


Өмнө нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээрээс АНУ, БНХАУ-ыг байлцуулан Солонгосын хойгт дайн дууссаныг зарлахыг санал болгосон юм.


Холбоотой мэдээ