Сумын ЭМТ-д халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-24 13:41:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт коронавирусний халдвараар сумын ЭМТ-д нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Наран сумын ЭМТ-д хэвтэн эмчлүүлж байсан өндөр настан архаг хууч өвчин болон халдварын нэн хүнд хавсарсан хэлбэрийн оношоор нас баржээ.

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол 238, нас баралт нэг бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохилдол 5451, нийт нас баралт найм болов. Хоногт Баруун-Урт суманд хамгийн олон буюу 126 тохиолдол нэмэгдсэн бол тус суманд батлагдсан нийт тохиолдол 3046-д хүрчээ. Мөн Баяндэлгэр, Түвшинширээ, Мөнххаан суманд өдөрт 20-оос дээш тохиолдол бүртгэгдэж байна.

Харин дээрх хугацаанд 109 иргэн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрэлт 2997 боллоо.

9 дүгээр сарын 24-ний байдлаар АНЭ-т 288, сумдын ЭМТ-д 435, гэрээр 1678 иргэн эмчлүүлж байна. Эдгээрээс жирэмсэн 33, 18 хүртэлх насны хүүхэд 172 байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ