Малчид хадлангаа хангалттай авч байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-24 14:02:58

Архангай /МОНЦАМЭ/. Малчид хадлангаа авах нь намрын хамгийн том ажлын нэг. Өнгөрсөн жилийн намар лууль шарилж хурааж, хадах хадлангүй байсан. Харин энэ жил хадлан арвин. Талбай дундуур явахад биеэр өвс шилбүүрдэж, хөлөөр өвс орооцолдож, байгалийн өгөөж юутай сайхан.

• Хотонт сумын Улаан чулуу багийн Засаг дарга Б.Лонжидпил:

Манай багийн малчид хадландаа бүгд гарцгаасан. Хадалт 100 хувь, татаж хураах ажил 90 хувьтай байна. Хадлангийн талбай ихтэй, өтгөн өндөр ургасан учир унац сайтай. Малчид маань сэтгэгдэл өндөр өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна. 

•Улаан чулуу багийн малчин: Д.Биндэръяа:

Нар ээсэн намрын сайхан өдрүүдэд хадлангаа авч хураалаа. Энэ жил ургац арвин болохоор хадлангаа хангалттай авсан.

Малчин эцэг эхчүүдийн ажилд хүүхдүүд нь тусалж дэм болж байдаг.


•Сурагч Ю.Анхбаяр: Би 7 дугаар ангид сурдаг. Хадлан өвсөө авахад бухал хийх, татаж хураах, тармуур дээр суух зэрэг ажил хийж тусалсан. Манайх их өвс авсан. Цаашид цахилгаан гар хадуураар өвс хадаж сурна гэлээ.

Налгар намрын нэгэн өдөр хадуурын дуу, өвс сагсайтал ачсан машинуудын цуваа, хадланчдын нөр их хөдөлмөрийг хараад сэтгэл нь бахдалтай байсан тухай Архангай медиа группын Хотонт суман дахь сурвалжлагч И.Бүзмаа бичжээ. 


Холбоотой мэдээ