БНСУ-тай харилцаагаа сайжруулахад бэлэн байна гэж БНАСАУ-ын удирдагчийн дүү мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-24 14:28:02

СӨҮЛ. /Yonhap/. Пёньяны эсрэг дайсагнасан бодлогоосоо татгалзвал БНСУ-тай харилцаагаа сайжруулах боломжийг хэлэлцэхэд бэлэн байна гэж Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ. 


Хэрэв Өмнөд Солонгос дайсагнасан бодлогоосоо татгалзвал Умардын тал хоёр талын харилцааг сайжруулахад чиглэсэн “үр бүтээлтэй яриа хэлэлцээг” эхлүүлэхэд бэлэн байна гэж Ким Ё Жон мэдэгдсэн байна.


Ким Ё Жон мөн Солонгосын дайн дууссан тухай тунхаг бичигт гарын үсэг зурах БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний саналыг “сонирхол татахуйц, сайхан санал” гэж тодорхойлжээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы есдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын дайн дууссан тухай тунхаглалд аль болох түргэн гарын үсэг зурахыг уриалсан юм. Солонгосын дайн буюу БНАСАУ /Умард Солонгос/, БНСУ-ын /Өмнөд Солонгос/ хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж, 1953 он хүртэл үргэлжилжээ. Энэ дайнд Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Умард Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байсан бөгөөд одоог хүртэл албан ёсоор дуусаагүй байгаа билээ.


Мүн Жэ Ин дэлхийн хамтын нийгэмлэгт хандан "Солонгосын хойгт дайн дууссан тухай тунхаглал байгуулахын тулд хүчээ дайчлахыг” уриалжээ. Тодруулбал, БНСУ-ын Ерөнхийлөгч “БНСУ, БНАСАУ, АНУ-ын гурван талын эсвэл хоёр Солонгос, АНУ, БНХАУ-ын дөрвөн талын уулзалтыг зохион байгуулж”, Солонгосын хойгт дайн дууссаныг албан ёсоор зарлахыг санал болгосон байна.


Холбоотой мэдээ