Д.Болд: Монголдоо олон улсын киноны хөгжмийн захиалга авах бололцоог нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2021-09-24 16:46:37
Гэрэл зургийг Б.Чадраабал

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн дуу бичлэгийн “В” продакшн 15 жилийн ойн өдрөөрөө Монголын урлагийн салбарт дахин шинэ хуудас нээж, “440Hz Records” болон өргөжөөд байна. Хамгийн цэвэр тунгалаг, сонсголонт сайхан уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх зорилгоор байгуулсан тус рекордс нь Монголын хөгжмийн урлагийг гадаад зах зээлд сурталчлах, дуучдаа гадны салбар рекордсуудад хүргэх боломжтойг “B” продакшны захирал Д.Болд онцолж байна.


Тэрбээр 2006 онд анхныхаа продакшныг нээхдээ Монголдоо олон улсын стандартад нийцсэн, дэлхийн хамгийн топ дизайнеруудаар акустик тохиргоонуудаа хийлгэсэн, олон улсын сүлжээнд орж ажилладаг студи нээнэ гэж мөрөөддөг байжээ. 15 жилийнхээ ойгоор мөрөөдлөө биелүүлж, Монголынхоо нийт дуучид, урлагийнхан, кино салбарынхандаа  “440Hz Records” студээ ийнхүү нээж байна. Өнгөрсөн хугацаанд маш олон уран бүтээл төрлөө. 2015 оноос хойш эхлүүлсэн том ажлынхаа ард гарч, олон улсын стандартад нийцсэн дуу бичлэгийн А зэрэглэлийн студи, анхны рекордсын бизнесийн хөгжмийн байгууллагаа албан ёсоор нээж байгаадаа баяртай байгаагаа тодотголоо.


-Олон улсын стандартад нийцсэн, дэлхийн А зэрэглэлийн студи гэж та онцоллоо. Энэ талаар талаар илүү тодруулна уу?

-2015 онд Wes Lachot гээд АНУ-ын студийн интерьер, акустикийн дизайн хийдэг компанитай анх гэрээ байгуулж, маш олон зураг төсөл, урт хугацааны судалгаа, тооцооны үндсэн дээр нийт 7 жилийг зарцуулж өнөөдөр студиэ байгуулж байна. Wes Lachot-ийн мэргэжилтнүүд Америкаас олон удаа ирж, рекордсын гадна дотно орчин, дуу чимээг судалж, дотор маш удаан ажилласан.

А зэрэглэлийн студи байгуулахад уран бүтээлчдийн эрүүл мэндэд харшлахгүй материал ашиглах, амьсгалын замд нөлөөгүй, дуу бичлэг хийж байх үед ямар ч чимээ гаргахгүй агааржуулалтын системийг шийдэх гэх мэт маш нарийн ажлууд байдаг юм билээ.

Үүнээс гадна Монголд ихэвчлэн байдаггүй материал, технологи, стандарт шаардсан учраас манай шинэ студийн нэг ширхэг хадаасыг хүртэл гаднаас авсан. Тэр бүрийг бид Монголынхоо хөрсөн дээр буулгаж, олон улсын ISO 3382:2009 стандартаар баталгаажуулан ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад бараг дуусаж байна 11 дүгээр сард албан ёсоор нээчих байх аа.

Бид Английн хөгжмийн тоног төхөөрөмжийн SSL, Quested брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дэлхийн топ дизайнер Америк улсын Wes Lachot зураг төсөл акустик тохиргоог хариуцаж, студийн дизайн дээр хамтран ажилласан. Ингэснээр бид хэрэглэгчийн эрх ашгийг хангахуйц кино хийж монголчууддаа хүргэх боломжтой болно. Манайх Пост продакшны ажил, жишээлбэл, Хятадад албан ёсоор хийлгэхэд нийт 200 мянган ам.доллароос наашгүй үнэтэй байдаг. Манай дундаж кино хэдэн төгрөгөөр бүтэж байгаа билээ. Тэгэхээр Монголдоо бид тодорхой хэмжээний, бололцооны ханш барина.  Нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын киноны хөгжлийн төлөө, мөн ард түмэн маань зөв дуугаралттай кино үзэх ёстой.

Дүрс хэчнээн чухал ч гэсэн цаадах атмосфер нь үнэхээр нөлөөтэй байдаг. Жишээлбэл, автобусанд явж байгаа хүн гарч байхад автобусанд биш л байна даа гэхээр дуугараад байдаг. Тэгэхээр тийм юм байж болохгүй.

Хөгжим бол хамгийн чухал. Кино хийж л байгаа бол манай продюссерууд бүх зүйлийг стандартын дагуу хийх хэрэгтэй. Тэр нь хоцрогдож байгаа салбар бол киноны саундын ажил байна. 

Дуу чимээ оруулах, хоолой ам барих, өрөөний чимээ, машины хаалга, гадаа орж байгаа борооны чимээ, хамгийн гол нь нөгөө 5 микс раунд яаж зөв дуугаргах вэ гэдэг бол маш чухал асуудал. Мөн дуучдын CD-ний микс мастерын ажлууд байна. Орчин үед цахим сүлжээ маш их хөгжсөн учраас гар утсанд тохируулсан тохиргоо, гар утаснаас маш гоё сонсогддог микс мастер гэж тусдаа байна. Тэгээд mp3, Ampek, ITunes-д зориулсан микс мастер гээд л хүмүүсийн хэрэглээг дагаад бүх төрлийн микс мастер заавал хийх шаардлагатай болж байна.

Бид америк, монгол киног яг ижил үнээр үздэг. Үнэндээ монгол кино дууны чанар эффект муутай. Харин манай студи байгуулагдсанаар олон улсын кино, тоглоомуудын хөгжмийн захиалга авах, харилцан хамтран ажиллах бололцоог нээж байгаа нь том давуу талтай болж байгаа. Англиас хүмүүс ирээд энэхүү төхөөрөмжүүдийг суурилуулна.


-Шинэ рекордсынхоо бүтэц, хамт олны ур чадварын хувьд хэрхэн тодорхойлох вэ?


-“440Hz records” үндсэндээ таван студитэй. Кинонд дуу оруулах, киноны хөгжим, дуучдын дуу бичлэг, оркестр, сонгодог хөгжим урлагийн бүхий л төрлийн дуу бичлэгийн ажил хийх бүрэн бололцоотой. Социализмын үед кино үйлдвэрийн хөгжмийн танхимыг оросууд Монголд хийж өгч байсан бол тэр хэмжээний, олон улсын стандартад нийцсэн студийг энэ удаа хувийн хэвшил анхлан нээж байгаа юм. Мөн хөгжмийн найруулга хийх гурван өрөө студи, хөгжмийн сургалтын өрөө, бүжгийн заал, оффис зэргийг цогцоор нь шийдсэн. Зөвхөн би биш, манай чадварлаг продюсерууд тус бүрд нь хариуцаад ажиллана.


-Боловсон хүчний зарим нь Англид мэргэшсэн гэсэн. Хэчнээн уран бүтээл, инженер техникийн ажилтан ажиллах вэ?

-Бид голдуу Англид байгаа, яг ажиллаж байсан залуучуудаа авна. Манайх нийт 5 студитэй учраас Монголдоо бас олон жил ажилласан инженерүүдээс гадна залуучуудаа сургалтад явуулах төлөвлөгөө гаргаж байна. Англи, Америк руу саундын чиглэлээр залуусынхаа мэргэжил дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.


-Дуу бичлэгийн өрөө нэлээн сэрүүхэн байна. Энэ нь дуучдад таатай орчин бүрдүүлсэнтэй холбоотой юу?

-Материалаа бүгдийг Америкаас авчирсан. Ер нь хүн сэрүүн орчинд удаан хугацаанд сайн ажиллана.  Агаар цэвэршүүлэгч гэхэд л Монголд байхгүй, гадаадад үйлдвэрлэж байна. Хүн дуулж байхад хүйтэн, ямар ч чимээгүй орчинд дуулна. Энэ өрөөнд шилэн хана байхгүй. Дээр үед технологи хөгжөөгүй байхад шилтэй байсан. Яагаад гэвэл бичиж байгаа хүнээ хардаг байсан. Гэвч шил ойлт өгөөд чичиргээ өгдөг байсан. Одоо технологи хөгжсөн учраас шилний оронд цэвэр акустик ханаар хийдэг болсон. Оркеструуд ямар ч цуурайгүй бичье гэвэл бүх ханаа эргүүлээд даавуу болгочих юм. Цэвэр 100 хувийн акустик хажуудаа хийгээд цаад газруудаа камерын системээр харж байгаа. Монитор тавиад, цаана байгаа продюссерууд бичиж байгаа улсууд хяналтын камераар харна, хоорондоо камераар яриад дуугаа бичнэ гэсэн үг. Одоо бид монгол оркестроо гоё бичихийг зорьж байна.


-Сүүлийн үед та залуу уран бүтээлчдийг идэвхтэй дэмжин ажиллаж байгаа. Залуу уран бүтээлчдийг урлагийн салбарт хөл тавихад нь ямар зарчмыг баримталдаг вэ?

-Бүх юм стандартынхаа дагуу өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Оюуны өмчийн гэрээнээс эхлээд артист, продакшны хоорондын бизнесийн гэрээ, дуу өмчлөх болоод худалдах гэрээ гэх мэтчилэн бүхий л зүйл олон улсын стандартаар явахгүй бол энэ бизнес өөрөө зөв явж чадахгүй. Тэр ч утгаараа Монголдоо бид ямар ч байсан түүчээ болж, рекордсоо нээж байгаа. Гэхдээ дараа дараагийн зөндөө олон асуудал байна. Жишээ нь, оюуны өмчийн байгууллагатай олон талт харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлж, дуу бичлэгийн эрхийг хамгаалах ажлуудыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэхээс өөр аргагүй болсон. Жишээ нь, би “В” продакшны захирал ч дуучин гэдэг өнцгөөсөө харвал оюуны өмчийн тал дээр дуучин хүн өөрөө орлого олох систем нь илүү сайн бүрдэж эхэлж байна гэж болно. Шүлэг зохиогч, ая зохиогч ч гэсэн оюуны өмчийн гэрээний дагуу бизнес харилцаанд бүрэн шилжиж байна гэсэн үг.

Нөгөө талаараа, хүмүүс хөнгөн бодлоор, хариуцлагагүйгээр дуучин болж болохгүй. Эр хүн гэхэд хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс эхлээд гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Тэгэхээр энтертайнмэнт бизнест үр ашгаа өгөх хэмжээний бол тэр хүн дуучнаараа явах хэрэгтэй. Харин сайн математикч болох гэж байсан хүн дуу дуулаад, хайран цаг хугацаагаа үрж болохгүй.

Иймээс манай рекордс залуучуудын хүсэл мөрөөдлийг зөв тийш чиглүүлэхэд анхаарна. Ер нь аливаа зүйл бизнесийн харилцаан дээр буюу гэрээ хэлцэл, бичиг цаасан дээр явагдаж байж цаашид үүсэх эрсдэл, маргаанаас сэргийлнэ. Түүнээс гадна гаргасан цомог нь үр хүүхдэд нь үлдэж, үр өгөөжийг нь хүртэх хэмжээний тийм үнэ цэнтэй байх ёстой гэж үздэг.


-Танд урлагийн салбарын бизнесийг хөгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?

-Монголын урлагийн зах зээл үнэхээр жижиг. Тиймдээ ч Монголын нүүр царай болоод дэлхийд гарах хэмжээний зүйлийг хийж чадаагүй байсан. Энэ боломжийг манай улс дахь тогтолцоо нь өөрөө бүрдүүлээгүй. Харин өөрсдийн хүч хөдөлмөрөөр өндөр амжилт гаргаж байгаа уран бүтээлчдийн нэг тод жишээ нь “The Hu” хамтлаг юм. Америкийн рекордст албан ёсоор харьяалагдаж, олон улсад Монгол Улсаа сурталчилж яваа. Манай улсад уран бүтээлчдийг гадны зах зээлд гаргаж, улсаа сурталчлах бодлого байдаггүй. Зүгээр хий хоосон яриа л өрнөөд байдаг. Наад зах нь рекордс буюу урлагтай холбоотой ажил хийх гэж байгаа хүмүүст зориулсан зээл байдаггүй. Энэ төрлийн дэмжлэг үзүүлэх санхүүгийн тогтолцоо, үнэлэмж, судалгаа ч байхгүй байх жишээтэй.

Уг нь дуу бичлэг гэдэг өөрөө маш том үйлдвэрлэл. Гадны зах зээлд Монголыг сурталчлах хамгийн том боломж нь өөрөө урлаг. Тэр том эргэлтийн хөрөнгийг дэмжих тодорхой хэмжээний бодлогыг улс гаргах нь зөв байх. Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар бодлого гаргаж байгаа нь харанхуй хонгилын үзүүрт гэрэл асааж байгаа юм. Энэ бүх өөрчлөлтийн эхлэл байх үүднээс рекордсын бизнесийн байгууллагаа нээж байгаа юм.

Дуучид спонсор хайж явдаг үе эцэс болох ёстой. Гавьяатынхаа тэмдгийг зүүж очоод 5000  ам.доллар гуйж сууж таарахгүй. Энэ үеийг би өөрөө ч туулж үзсэн.

Одоо цаг үе өөрчлөгдсөн. Монголд рекордс нь дуучдынхаа бүтээлийг худалдаж аваад, ашиг хэрхэн олохоо өөрсдөө шийддэг байх хэрэгтэй. Дуучид зөвхөн бүтээлээ рекордст зараад, өөрийн дараа дараагийн бүтээлийнхээ чанарт маш сайн анхаарах ёстой. Ашиг, хөрөнгө оруулагч, клипний мөнгө, тоглолтын билетийн дизайн зэрэг бүх зүйлд ганцаараа санаа тавин гүйх шаардлага ахин гарахгүй  болно гэсэн үг юм.

Энэ бүх замыг 26 жилийн турш туулсан хүний хувьд шинэ үеийнхнийг ийм замаар явуулж, цаг алдуулахыг хүсээгүй. Олон улсын стандартын дагуу бизнес цааш хөгжиж явах ёстой.


-Танай продакшн хамтарч ажиллах уран бүтээлчдэдээ ямар шалгуур тавьдаг вэ?

-Манай продакшнд шалгуулах хүсэлтэй залуус маш их ирдэг. Рекордсоо албан ёсоор нээж байгаа учраас сонгон шалгаруулалт хийнэ. Гэхдээ хамгийн гол нь тэр залуусыг зөв чиглүүлэх ёстой. Үнэхээр дуучнаараа яваад, жишээ нь над шиг 26 жил, өөр зүйл хийлгүй зөвхөн уран бүтээлээ туурвиад, эхнэр хүүхдээ тэжээж чадах уу эс чадах уу гэдгээ л хамгийн түрүүнд ойлгох ёстой. Түүнчлэн улсдаа хэрэгтэй, олон улсын хэмжээний уран бүтээл хийж чадах хэмжээний нөөц боломжтой байж гэмээнэ дуучны мэргэжлийг сонгох хэрэгтэй. Яагаад гэвэл, маш их цаг хугацааг зарцуулж байж амжилтад хүрдэг салбар. Залуучууд маань сонирхолдоо хөтлөгдөөд, хий дэмий цаг хугацаагаа үрэх вий гэхээс би эмээдэг. Нэг ч гэсэн хүн мэргэжлээ зөв сонгоод яваасай. Өөрийгөө эрт таньж үнэхээр урлагаар явах хүн биш бол өөртөө хэрэгтэй хийж чадах ажлаа сонгох хэрэгтэй. Иймээс л бидний хувьд залуусыг зөв чиглүүлэх нь чухал.


-Шинэ рекордсын шинэ уран бүтээл нь юу байх вэ. Энэхүү уран бүтээлд "Камертон" хамтлаг хамтрах уу?

-15 жилийн ойгоо тохиолдуулан “VOLUME 2” цомгоо цуврал болгон хүргэхэд бэлэн болоод байна. Анх 2006 оноос залуу уран бүтээлчдээ дэмжиж эхэлж байлаа. Өөрөө зовлонг нь мэддэг болохоор үнэхээр л авьяастай уран бүтээлч бол тодорхой цаг хугацаанд хурдан үр ашгаа өгч танигдах нь чухал. Тухайн үед Эгшиглэн, Маралжингоо, Агиймаа,  “Шоо хамтлаг, “3 охин” гэх зэрэг уран бүтээлчидтэй хамтран бид “VOLUME-1” төслөө эхлүүлж, тэр үеийн хит дуунуудыг багтаасан цомгоо гаргасан.

Өнөөдөр “VOLUME 2” цомгоо гаргах гэж байна. Энэ цомогт маань “The Voice of Mongolia-2020” шоуны ялагч Х.Ядам, оролцогч Б.Анужин, Эмүжин, О.Бүжинлхам, Б.Алунгоо, Nene,  Billy Bay, Chris, Ariu, Anujin, Идэрмаа, NS хамтлагаас гадна миний өөрийн болон "Камертон" хамтлагийн шинэ гаргасан уран бүтээл багтсан цомог гарахад бэлэн болсон.


“440Hz records” гэж нэрлэж байгаа шүү дээ.  Энэ нэрийн утга учир юу вэ?

-Хөгжмийн ля нот хамгийн цэвэр тунгалаг, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг учраас хамгийн сонсголонт сайхан уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх зорилгоор  “440Hz records” гэж  нэрлэсэн.


Ж.Болор

Д.Урансолонго


 

Холбоотой мэдээ