Уран бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-09-24 17:15:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Эх орон” монгол бичгийн уран бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

Тус аймгийн ГБХЗХГ-аас Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Залуучуудын хөгжлийн сарын аян, аймгийн Засаг даргын 2021 оны А/63 дугаар захирамж, 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Эх орон” монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг есдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглээг нэмэгдүүлэх, өсвөр үеийнхэнд үндэсний бичгээ эрхэмлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, аймгийн өсвөр үеийн сайхан бичигтнүүдийг тодруулж, нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал, туршлага, авьяас, ур чадварыг сурталчлах, хэл бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдаанд Ерөнхий боловсролын 9 сургуулийн 27 сурагч бүтээлээ ирүүлсэн байна.

Сурагчдын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүн, Соёлын хэлтсийн мэргэжилтэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн холбогдох мэргэжилтнүүд шүүн дүгнэж, шилдгүүдийг шалгаруулжээ. Тэргүүн байрыг “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч З.Хулан, дэд байрыг тус сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Сүхбат, гуравдугаар байрыг Нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Г.Дүүрэнзаяа, Гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энхжин нар эзэлсэн тухай аймгийн ГБХЗХГ-аас танилцууллаа.

Түүнчлэн уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж олны хүртээл болгожээ.