“Хос бичигтэн соёлын салбар” аян хэрэгжинэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-27 15:10:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн соёл урлагийн салбарын 19 байгууллагад 200 гаруй хүн ажиллаж байна. Иймд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангах, монгол бичгийн сургалтыг соёл урлагийн салбарын хэмжээнд зохион байгуулах, хэрэглээний орчин бүрдүүлэхэд манлайлан ажиллах зорилгоор “Хос бичигтэн соёлын салбар” аян зохион байгуулахаар болжээ. 

Тус аяны үйл ажиллагаа нь 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны гуравдугаар сар хүртэл нийт таван сарын хугацаанд үe шаттай өрнөх юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Хос бичигтэн соёлын салбар” үйл ажиллагаа зохион байгуулж, нээлтээ хийлээ. Энэ нь монгол бичиг сурах үйл ажиллагааг төрийн албан хаагч болон иргэдийн дунд идэвхжүүлэх, уриалахад чиглэж байв.

Энэ утгаараа Ховд аймгийн Нийтийн номын сангаас монгол бичигтэй холбоо бүхий 80 гаруй бүтээл, номын үзэсгэлэн гаргалаа.

Мөн аймгийн удирдах ажилтан, ахмад үeийн багш нарын зүгээс Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх арга зам, түүхэн хөгжлийн явц, энэ чиглэлд төрөөс баримталж буй зарчим, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа, зарим дэд хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хийв.  

Энэ үeэр соёлын салбарын ажилтан, албан хаагчийн төлөөлөл монгол бичгээр шүлэг бичиж, аймгийн зарим удирдах ажилтанд гардуулан өгсөн юм.

Цаашид “Хос бичигтэн соёлын салбар” аяны хүрээнд монгол хэлний багш нартай гэрээ байгуулж, монгол бичгийн хичээл заалгана. Улмаар байгууллагынхаа шилдэг суралцагчийг шалгаруулан урамшуулах, цахим болон бусад хэлбэрээр монгол бичиг сурахын ач холбогдлыг сурталчлах, хэрэглээний орчин бүрдүүлэх зэрэг ажлыг төлөвлөжээ. 

Энэхүү аяны зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран ажиллана.

Аяны үр дүнд Ховд аймгийн соёл урлагийн салбар байгууллагын ажилтан, албан хаагчид монгол бичгийг бүрэн эзэмшиж, унших, бичих чадвараа сайжруулах замаар хос бичигтэн болох юм. 

 

Холбоотой мэдээ