3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 10 дугаар багт байрлах "Оюуны ирээдүй цогцолбор" сургуулийн хичээлийн "А" байрны гадна талбайд 3x3 сагсан бөмбөгийн жишиг талбайг барьж ашиглалтад орууллаа.
ХААН банк 30 жилийнхээ ойг
тохиолдуулан нийгмийн
хариуцлагын хүрээнд хүүхэд
залуусын эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт хийж, Монгол орны 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт олон улсын стандартад нийцсэн
резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолтой 3х3 сагсан
бөмбөгт зориулсан
талбайг сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө. Ингэсэнээр хүүхэд,
залуус тухайн спортоор хичээллэх боломж нээгдэж, зориулалтын талбайд бэлтгэх,
сургуулиа хийх юм.
Аймаг, орон нутгийн удирдлагууд уг
сагсан бөмбөгийн талбай нь ЕБС түшиглэн байгуулахад тохиромжтой гэж үзэн “Оюуны
Ирээдүй” цогцолбор сургуулийн гадна талбайд газрыг нь шийдэж өгчээ.
Түүнчлэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин
нөхцөлийг бүрдүүлэх, их спортод эх орноо төлөөлөх тамирчдын залгамж халааг
бэлтгэх зорилгоор “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн"-д "Дархан-60”
цогцолборыг байгуулахаар төлөвлөсөн. Тус цогцолборт сагсан бөмбөгийн 10 талбай
байгуулах аж. Үүний 3 нь 3x3 сагсны талбай байх юм. Мөн экстрем спортын талбай ч
байгуулах ажээ.


