Ц.Доржсүрэн: Газар бол хүү нэхдэггүй банк юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-01 11:53:10

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн ахмад тариаланчдын нэг Цолмонгийн Доржсүрэнтэй цөөн хором ярилцлаа.


-Та газар тариалангийн салбартай хэдийнээс холбогдсон бэ?  

-Би 1990 онд ХААДС-ийн усалгаатай газар тариалангийн агрономичийн ангийн анхны төгсөгч болж байлаа. Сургуулиа төгсөж ирээд 1996 оныг хүртэл Баруунтуруун сумын “Цэнхэр мандал” услалтын системд доктор Т.Цагаанбанди, Д.Өлзий нартай хамтран үр тарианы үндсэн таримал тариалах чиглэлээр 4 жил ажилласан. 2000 оноос “Монгол ногоо” төсөл, Монголын ХАА-н фермерүүдийн холбоо, “Монгол төмс” хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүнсний ногооны үр үржүүлгийн чиглэлээр ажиллаж байна. Одоогоор байцай, шар манжин, шар луулан, бөөрөнхий сонгины үр гаргах чиглэлээр Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран ажиллаж байна. Миний хувьд Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа, ахмад тариаланч.

Анх гавъяат агрономич Т.Цагаанбандийн удирдлага дор хүнсний ногооны үр үржүүлгийн чиглэлээр ажиллаж, 1998 онд “Улсын тэргүүний тариаланч хамт олон” болж байснаараа үргэлж бахархаж явдаг. 

Сүүлд “Монгол ногоо” төсөлтэй хамтраад төмсний шинэ сорт нутагшуулах үр үржүүлэг хийж 2004-2018 он хүртэлх хугацаанд баруун бүсийн төмсний үрийн хэрэгцээг бүрэн хангасан. Энэ төсөл хэрэгжүүлэх хугацаанд Голландын 4 сорт, Оросын 8 сорт авч ирж туршсан бөгөөд Голландын сортууд нутагшаад элит үр үйлдвэрлэж эхэлсэн. 

2016 онд төслийн хүрээнд 100 тоннын багтаамжтай зоорь барьж өгснөөр өдгөө үр үржүүлэг хийгээд явж байна.

Бид жилд дунджаар 5-6 тн эх ургамал хадгалдаг. Үрийнхээ хэрэгцээнд тааруулаад янз янзын сортууд байгаа. Тухайлбал хүрэн манжингийн 2 сортын хувьд 1.5-2 км-ийн зайн тусгаарлалттай тариалдаг. Үрээр тарьсан эх бол хамаагүй, 2 дахь жилээс солилцож тоос хүртдэг учраас зайн тусгаарлалт сайн хийх хэрэгтэй. Хэрвээ олон сортыг нэг газар ойрхон таривал сорт эрлийзжин үрийн чанар алдагддаг муу талтай. 

Байцааны Белорусская-455 гээд сортыг энэ талбай дээр 2018 онд нутагшуулсан. Энэ байцайг голтой нь зоориндоо өлгөж сайн хадгалаад хавар гарган 2 настай дээр нь дахиад тарьж үр үржүүлж авдаг. Дарханы хүрээлэнгийн доктор Ц.Нарангэрэл, Ж.Байгалмаа, магистр Г.Балжинням бид хэд хамтраад ашигтай загварын гэрчилгээтэй болгосон. Би хүрээлэнгийнхээ хүнсний ногооны үр үржүүлгийн сорт бүр дээр гардаж ажиллаж ирсэн.  

-Хүнсний ногооны үрийг аль болох чанартай үржүүлж байж үр дүнд хүрнэ биз?

-Би энэ жил хүрэн манжингийн үрийн чанарт анхаарч ажиллаж байгаа. Үрийн технологи маш нарийн тооцоотой байдаг. Жишээ нь, эх ургамал 80 граммтай байх ёстой гээд заачихсан бол тийм л байх ёстой. Түүнийгээ хадгалаад жилд 2 удаа хянан баталгаа хийдэг. Намар зооринд хийхдээ 1 хянан баталгаа хийнэ, хавар гаргахдаа ялгаад дахиж хянан баталгаа хийгээд энэ тарих бүрэн боломжтой гээд гаргадаг. Ингэж байж чанартай үр гаргаж авдаг. 

-Төр засгаас хөдөлмөрийг тань хэрхэн үнэлэв?

-Аймгийн Хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Атрын 60, 90 жилийн ойн медальтай.

-Залуу ногоочдод хандаад та юу гэж хэлэх бэ?

-Залуучууддаа хандаад хэлэхэд газар бол хүү нэхдэггүй банк шүү. Иймээс газраа гарын алга шигээ хайрлаж яваарай гэж захих байна. 

Мөн газраас ашиг шим авч байгаа бол буцаагаад бордоо өгч байх хэрэгтэй. Малын бууц, шувууны сангас, үртэс, нүүрсний хог хүртэл хөрсийг эрдэсжүүлдэг бордоо юм шүү. 

Нийт тариаланчдадаа хандаад ургац арвин авах болтугай гэж хэлье. 

-Танд баярлалаа. 


Холбоотой мэдээ