Европын эрчим хүчний хямрал дэлхий дахинд нөлөөлөх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-04 16:01:59

ВАШИНГТОН. /Bloomberg/. Дэлхийн улс орнууд нүүрс хэрэглэхээс татгалзаж, илүү цэвэр эрчим хүчний хэрэглээгээ өсгөн нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор цахилгаан эрчим хүч, орон байрны халаалтад байгалийн хийг түлхүү хэрэглэх болоод буй.


Гэвч цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих, хийн шавхагдаад буй хадгалах байгууламжуудыг өвлийн хүйтэн саруудаас өмнө дүүргэхэд хүрэлцэх хэмжээний хангалттай нөөц байхгүй байна. ОХУ тэргүүтэй экспортлогчид улсынхаа хийн нөөцийг хадгалах арга хэмжээнүүдийг авч байгаатай зэрэгцэн улс орнууд хийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж байна. Хэрэв цаг агаар хүйтэрвэл нөхцөл байдал улам л хүндэрнэ.


Европын Засгийн газрууд эрчим хүчний хомсдолын улмаас цахилгаан хангамж тасарч, аж үйлдвэрүүдийг зогсоохоос өөр аргагүйд хүрч болзошгүйг сэрэмжлүүлж байгаагаас үзэхэд тус тивийн хямрал дэлхийн бусад улс орнуудад ч хүндрэл учруулж болзошгүй байна.


Европын хий хадгалах байгууламжууд дахь нөөц оны энэ үед түүхэн доод үзүүлэлтэд хүрээд байна. Орос, Норвегиэс дамжуулах хоолойн урсгал хязгаарлагдаад байна. Мөн тогтуун цаг агаар салхины үүсгүүрийн үйлдвэрлэлийг бууруулсны сацуу Европын насжсан атомын цахилгаан станцууд ашиглалтаас гарч, үйл ажиллагаа нь тасалдах тохиолдол түгээмэл болсон нь хийн хэрэгцээ шаардлагыг улам бүр нэмэгдүүлсээр байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна. Иймд өнгөрсөн онд Европт хийн үнэ ойролцоогоор 500 хувиар өсөж, одоо түүхэн дээд үнээр худалдаалагдаж байгаад гайхах зүйлгүй.


Европын байгалийн хийн үнэ


Үнийн өсөлт нь Европ дахь зарим бордоо үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ гарцыг бууруулахад хүргээд байгаагаар зогсохгүй цаашид ийм шийдвэр гаргагчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа нь фермерийн аж ахуй эрхлэгчдийн зардлыг өсгөж, улмаар дэлхийн хүнсний инфляцид нөлөөлөх төлөвтэй байна. Их Британид л гэхэд эрчим хүчний үнэ нэмэгдсэний улмаас хэд хэдэн ханган нийлүүлэгч хаалгаа барихад хүрчээ.


Хэдийгээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өвлийн улиралд ердийн үеийнх шигээ хүйтэрсэн ч байгалийн хийн үнийг дэлхий даяар өсөхөд нөлөөлөх төлөвтэй байна. Тухайлбал, БНХАУ-д керамик, шил, цемент үйлдвэрлэгчид гэх мэт аж үйлдвэрийн хэрэглэгчдийн хувьд үнээ өсгөн хариу барих бол Бразилын өрхүүдийн төлөх эрчим хүчний төлбөр нэмэгдэнэ. Түүнчлэн Пакистан, Бангладеш зэрэг түлш авах боломжгүй эдийн засгуудын хувьд зогсоход ч хүрч болзошгүй байна.


Хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хэдийнээ оройтсон тул цахилгаан түгээх байгууллагууд болон бодлого боловсруулагчид битгий хүйтрээсэй хэмээн залбирч байна. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ саатаж, хүнсний үнэ сүүлийн арван жилд байгаагүйгээр өсөөд байгаатай зэрэгцэн эрчим хүчний зардал эрс нэмэгдэх нь инфляцийн өсөлт урьдчилан тооцоолж байсанчлан түр зуурынх эсэхэд Төв банкнуудыг эргэлзэхэд хүргэж болзошгүй байна. Худалдаачдын хувьд одооноос эхлэн 12 сар хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ бүрийг анхааралтай ажиглах нь тодорхой.


“Өвөл хүйтэрвэл Европын зарим хэсэгт халаалтад ашиглах хийгүй болно гэдэгт миний бие санаа зовниж байна. Зарим орны хувьд энэ нь эдийн засаг уналтад орох хүчин зүйл болоод зогсохгүй халаалтыг хийгээр хангах хүчин чадалд нөлөөлөх учир хүмүүсийн амь насны асуудал яригдаж байна” гэж АНУ-ын Төрийн департаментын эрчим хүчний аюулгүй байдлын ахлах зөвлөх Амос Хохштейн “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Дэлхийн байгалийн шингэрүүлсэн хийн импорт /тонноор/ 


Азид байгалийн шингэрүүлсэн хийн импортлогчид хангалттай нөөцтэй болохын тулд жилийн энэ үед хамгийн өндөр үнийг төлж байгаа бөгөөд ингэж чадаагүй тохиолдолд зарим нь нүүрс, халаалтын шингэн түлш зэрэг бохир түлш худалдан авч эхэлнэ. Энэ нь ногоон зорилтод хүрэх Засгийн газруудын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлнө. Хийн хувьд нүүрс шатаасны тэн хагас орчимтой тэнцэх хэмжээний нүүртөрөгчийн давхар исэл ялгаруулдаг.


Байгалийн хийн хамгийн том худалдан авагч болох Хятад улс өнгөрсөн онд импортоо ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлсэн ч хадгалах байгууламжуудаа хангалттай хурдан хугацаанд дүүргэж чадаагүйг гаалийн мэдээлэл харуулж байна. Хятадын дарга Ши Жиньпиний тогтоосон эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, бохирдлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд тус улсын хэд хэдэн муж аж үйлдвэрүүдийн цахилгаанд тодорхой хязгаар тогтоожээ. Хэрэв эрх баригчид өрхүүдийн гэрэл, дулааныг хийгээр хангахаар болбол эрчим хүчний хямрал улам гүнзгийрч болзошгүй.


Хятадын үйлдвэрүүд эрчим хүчний хомсдолыг даван туулах шаардлага тулгарвал дэлхийн ган, хөнгөн цагааны үнэ огцом өснө. Түүнчлэн тус улсад одоо нүүрсний хомсдол нүүрлээд байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж магадгүй байна.


Япон, БНСУ дахь цахилгаан эрчим хүч түгээх байгууллагуудын хувьд байгалийн шингэрүүлсэн хийн индексжүүлсэн урт хугацааны гэрээгээр хамгаалагдаж байна. Гэхдээ Солонгосын Цахилгаан эрчим хүчний компани есдүгээр сарын 23-нд, цахилгаан эрчим хүчний үнийг сүүлийн найм орчим жилийн хугацаанд анх удаа нэмнэ гэдгээ мэдэгджээ. Цочир хүйтэрвэл эрчим хүчний компаниуд хийн нөөцийг яаралтай хангахын тулд түүхэн дээд үнээр худалдан авахад хүрч болзошгүй. Өнгөрсөн өвөл яг ийм зүйл болсон билээ.


Пакистанд байгалийн шингэрүүлсэн хийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай зардлаас үүдэн улс төрийн маргаан үүсээд байгаа бөгөөд сөрөг хүчний улстөрчид төрийн өмчит импортлогчийн худалдан авалтыг нарийвчлан шалгахыг шаардаж байна.


Бразилд Парана голын ай савд цутгах урсгал сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрсэн нь усан цахилгаан станцын үйлдвэрлэлийг бууруулж, улмаар цахилгаан эрчим хүч түгээгчдийг хийд илүү их найдлага тавихад хүргэжээ. Тийнхүү тус улс долоодугаар сард хийн импортоо түүхэн дээд хэмжээнд хүргэсэн бөгөөд цахилгааны төлбөрүүд өсөж байна. Мөн инфляц хэдийнээ огцом нэмэгдэж эхэлсэн нь Ерөнхийлөгч Жаир Болсонаруг ирэх оны сонгуульд улиран сонгогдоход сөргөөр нөлөөлж болзошгүй юм.


Парана голын усны түвшин багассан нь Бразилын усан цахилгаан станцуудыг өөр эх үүсвэрээр хангахад хүргэж байна


Одоо Ази, Европ, Ойрхи Дорнод, Өмнөд Америкийн аль алинд байгалийн шингэрүүлсэн хийг Катар, Тринидад ба Тобаго, АНУ зэрэг экспортлогчдоос татан авах өрсөлдөөн өрнөж байна. “Бүх хэрэглэгчийн эрэлт нэмэгдээд байгаа боловч бид бүгдийг нь хангаж чадахгүй нь харамсалтай” гэж Катарын Эрчим хүчний сайд Саад Аль-Кааби өнгөрсөн сард Дубай хотноо болсон бага хурлын үеэр анхааруулжээ.


Оны эцсээс шинэ төслүүд цахимаар хэрэгжиж эхэлснээр Америкийн экспортлогчид урьд урьдынхаас их хэмжээний шингэрүүлсэн байгалийн хийг нийлүүлэх төлөвтэй байна. Гэхдээ хилийн чанадад их хий нийлүүлэх тусам улсын өөрийн нөөц багасна. Хэдийгээр АНУ-д хийн үнэ Европ, Азийнхтай харьцуулахад хямд байгаа ч 2014 оноос хойших хамгийн өндөр гэж хэлж болохуйц үнээр худалдаалагдаж байна. Хийн нөөцийн хэмжээ сүүлийн таван жилийн улирлын дунджаас бага байгаа ч Америкийн хий олборлогчид ашиг орлогоо бууруулж, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд олборлолтоо нэмэгдүүлэхэд дурамжхан хандаж байна.


Америкийн Аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглэгчдийн холбоо хийн нөөц хэвийн хэмжээнд эргэн очих хүртэл экспортыг бууруулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд тавьсан нь хилийн чанадад үүсээд буй хомсдолыг улам дордуулж магадгүй юм.


Урьд өмнө нь хүмүүс байгалийн хийн зах зээлийн үнэд төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан бол энэ өвөл дэлхийн эдийн засаг энэ түүхий эдээс ямар их хамааралтай байдгийг дэлхий нийтээрээ мэдэж авах нь.  


Энэхүү нийтлэлийг “Bloomberg” агентлагийн Америк тивийн эрчим хүч, түүхий эдийн зах зээлийн талаарх нийтлэлч Линн Доан, байгалийн шингэрүүлсэн хий, байгалийн хийн талаар сурвалжлагч Анна Ширяевская нар бичжээ. 

Холбоотой мэдээ