Солонгосын үндэсний хөгжмийн “амьд” тоглолт үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-05 18:55:52

Солонгосын үндэсний урлаг, уламжлалт дуу хөгжмийн тоглолтыг Мандалговь хотын иргэд үзэж сонирхов. Энэ улсад оччихсон мэт сэтгэгдэл төрж, Солонгосын ард түмний аж амьдрал, ахуй уламжлал, оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч чадсан өвөрмөц тоглолт болсон талаар үзэгчид сэтгэгдлээ хуваалцав.

БНСУ- ын Чунбүг ардын урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчид Дундговь аймгийн Засаг даргын урилгаар хүрэлцэн ирсэн байна. Тэд Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийх бөгөөд хоёр орны ардын урлагийн өв соёлыг сурталчилж, хамтын харилцаа тогтооход хамтарсан тоглолтын зорилго чиглэжээ.

Өчигдөр орой Чунбүг ардын урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчид үндэсний хөгжмийн тоглолтоо Мандалговь хотын иргэдэд сонирхуулсан бөгөөд тоглолтыг нээж тус нийгэмлэгийн менежер Ким Чан Гүн үг хэлэхдээ, Монгол оронд, тэр дундаа говь нутагт ирсэн нь Солонгосын уран бүтээлчдэд гүн сэтгэгдэл үлдээж буйгаа хуваалцаад зуугаас мянган жилийн түүхтэй Солонгос үндэсний хөгжмийн бүтээлүүдээс олон удаагийн дайн самууны хөлд зовж зүдэрч явсан ард түмний сэтгэлийн хатуужил, гуниг харуусал, мөн баяр баясал, аз жаргалыг ч мэдрэх болно гэдгийг онцлон дурьдсан юм. Үндэсний дуу хөгжмийн тоглолтоо Монгол оронд ингэж сурталчлах боломжийг олгосон Дундговь аймгийн Засаг даргад талархаж буйгаа илэрхийлэв.

Тоглолт цохиур хөгжмийн дөрвөлөөр буюу жижиг цан, царгиул хөгжим, үндэсний бөмбөрийн уламжлалт аялгуугаар эхэлж,  бөмбөрийн гоцлол, Солонгосын үндэсний дуулал, их лимбэний гоцлол, “Нар тэвэрсэн сар”, “Их Чангим” зэрэг олон улсад алдаршсан Солонгос драмын аялгуу, “Сүг дэ мори” Солонгос үндэсний дуу зэрэг бүтээлээр үргэлжилсэн. Ингэж гадаадын улс орны уран бүтээлчид үндэсний урлагаа сурталчлан дагнасан  тоглолт хийсэн нь Дундговийн театрын хувьд анхны тохиолдол болж байгаа ажээ.

Хоёр талын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт маргааш орой болно. Тоглолтод Чунбүг нийгэмлэг, Дундговийн театрын уран бүтээлчдээс  гадна СУИС- ын морин хуурын багш Б. Мөнхтүвшин нарын морин хуурчид оролцох юм байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ