Ховд аймагт 2952 иргэн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр, тэтгэмж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-05 11:44:24

Ховд /МОНЦАМЭ/. Даатгуулагч /иргэн/-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Тус аяныг энэ оны аравдугаар сарын 10-ны өдөр хүртэл өрнүүлэх аж. 

Энэ хүрээнд Ховд аймгийн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан дэд ажлын баг орон нутагт хяналт шалгалт явуулж байна. Ажлын багийнхан аравдугаар сарын 4-ний өдөр хуралдаж, хяналт шалгалтын явц, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Ховд аймгийн хэмжээнд нийт 2952 иргэн дахин магадлал буюу хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр, тэтгэмж авдаг. Үүний 2044 нь хяналт шалгалтад хамрагдах ёстой.

Одоогоор 1027 буюу 50.2 хувь нь хамрагдсан байна. Шалгалтын үйл ажиллагааг аравдугаар сарын 10-нд дуусгаж дүнг нэгтгэн тайлагнах хугацаатай. Дэд ажлын багийнхан жагсаалтад нэрс нь багтсан иргэдийн амбулаторийн картыг сумдаас хүлээн авч, хянах учраас сум, өрхийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн байгууллагууд аравдугаар сарын 6-ны өдрийн дотор иргэдийн холбогдох материалыг ирүүлэх шаардлагатай гэж ЗДТГ-аас анхааруулав. 

 

 

Холбоотой мэдээ