Боловсролын салбарт төсвөөс анх удаа хагас тэрбум төгрөгийг батлуулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-06 13:13:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн боловсролын байгууллагын 100 жил, Монголын багш нарын 55 дахь баярын өдрөөр аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ, аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс боловсролын салбарыг хөгжүүлэх, сургалтын түвшнийгг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн орон нутгийн төсвөөс боловсролын салбарт урьд өмнө байгаагүй буюу хагас тэрбум төгрөгийг анх удаа батлуулсан гэдгийг онцоллоо.

Тэрээр хэлэхдээ, Сүхбаатар аймгийн боловсролын байгууллагын түүх тэртээ 1925 оносс эхтэй. 80 жилийн түүхт Сүхбаатар аймаг өдгөө 24 цэцэрлэг, 16 ЕБС, Насан туршийн боловсролын төв, МСҮТ-тэй болж өргөжин тэлж, энэ салбарт 1700 гаруй багш, ажилтан ажиллаж байна.

Аймаг орон нутгийнхаа боловсролын салбарыг хөгжүүлэх, түвшнийг нь дээшлүүлэхийн тулд аймгийн “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан. Үүнийг дагаад Математик, Насан туршийн боловсрол, Дэлхийд өрсөлдөх Сүхбаатарчууд, 10х10 дэд хөтөлбөрүүдийг батлуулан амжилттай хэрэгжүүлж байна.

2021 онд аймгийн ИТХ-аар, орон нутгийн төсвөөс анх удаа хагас тэрбум төгрөгийг зөвхөн боловсролын салбарт батлуулсан. Ингэснээр сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг баазыг бэхжүүлэх, багшийн ур чадварыг ахиулах, хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн ухааны хичээлийн сурлагын ахиц чанарыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. 

Мөн сурлагын ахиц, дэвшлийг олон шалгуур үзүүлэлтээр дүгнэж, амжилт гаргасан багш, сурагчдыг тогтмол шагнаж урамшуулна. Иймд цаашид хүүхэд багачуудаа сургаж гэгээрүүлэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, иргэдийнхээ боловсролд анхаарч, хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн төрийн зүгээс боловсролын байгууллагад үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган чанартай боловсрол, чадамжтай иргэнийг сурган хүмүүжүүлэх замаар аймаг орон нутгийнхаа хөгжлийн түүчээ болох шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэх ажилд хамтран ажиллах болно гэв. 

Холбоотой мэдээ