Монгол Улс олон талт 294 гэрээнд нэгдэн оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-06 13:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг сонсов.



Уг ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалсан бөгөөд бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн нар ажиллажээ. 


Монгол Улс 2021 оны зургадугаар сарын байдлаар нийт 294 олон талт гэрээнд нэгдэн орсон. Үүнээс НҮБ болон бусад олон улсын байгууллагын дүрэмтэй холбоотой 60, хүний эрхийн 48, байгаль орчны 24, олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах 19, хүмүүнлэгийн эрх зүйн 7, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх 30, олон улсын худалдаа, хөгжил 18, агаар, тээвэр, гааль, харилцаа холбооны хамтын ажиллагааны 35, оюуны өмчийн 20, сансрын болон далайн эрх зүйн 33 гэрээ байна. Үүнээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам", түүний хавсралтаар баталсан хуваарийн дагуу нийт 30 олон улсын гэрээний биелэлтэд хяналт хийсэн байна. Хэдийгээр олон улсын 30 гэрээний дийлэнхийн хэрэгжилтийг тодорхой давтамжтайгаар тогтмол тайлагнаж, гэрээгээр хүлээсэн үүргийг, биелүүлэх, хяналт тавих үндэс тодорхой хэмжээнд бүрдсэн гэж үзэж болох ч дээрх үйл ажиллагаанд цогц хяналт тавих, зохион байгуулалтыг сайжруулах, хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатай хэмээн ажлын баг дүгнэжээ.


Олон талт олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, нэр томьёо болон гэрээний зүйл, заалтыг дотоодын хууль тогтоомжид тусгахдаа зөрүүтэй, эсхүл дутуу тодорхойлж, зарим элементийг орхигдуулсан алдаа дутагдал цөөнгүй байгааг тайланд тусгажээ. Тухайлбал, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын нэгдүгээр зүйлийн тодорхойлолтод дурдсан “Аливаа байдлаар алагчилж, эсвэл айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх зорилгоор эрүүдэн шүүх” гэсэн эрүүгийн гэмт хэргийн элементийг Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12 дахь хэсэгт эрүү шүүлт тулгах гэмт хэргийг зүйлчлэхдээ бүхэлд нь орхигдуулсан гэжээ. Түүнчлэн гэмт хэргийн субьект нь төрийн албан хаагч байхаар хязгаарласан нь конвенцод заасан “Төрийн албан тушаалтан өөрөө, эсвэл түүний хатгаас зөвшөөрлөөр аливаа этгээд хүнийг эрүүдэн шүүх, эрүүдэн шүүхийг завдах, оролцох, хамтран оролцох үйлдлийг гэмт хэрэгт тооцох”-той нийцэхгүй байгааг ажлын багийн ахлагч танилцууллаа. Дээрх конвенцоор хүлээсэн үүргийн дагуу  Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг өнөөдрийг хүртэл томилоогүй байгаа талаар мөн дурдсан.


Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Албадан хөдөлмөрийн тухай олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенцод нэгдэн орсон. Гэвч хүүхдийн боолчлол, албадан хөдөлмөр, түүний дотор бооцоот уралдаанд хүүхдээр морь унуулах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэргийн бус бүтээн байгуулалтад дайчлан оролцуулах зэргийг устгаагүй хэвээр байгааг Гэрээний хороодоос, олон улсын байгууллагуудаас удаа дараа тэмдэглэж, зөвлөмж ирсээр байгааг танилцуулгад онцлон дурдсан.


Конвенцуудын хороодын гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх эрх хэмжээг Монгол Улс хүлээн зөвшөөрөх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа аж. Гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлсэн дүн, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт танилцуулах, биелэлтийг хангуулах, шийдвэр гаргуулах механизм бүрдээгүй, салбар хороодын шинжтэй гэрээний зөвлөмжийн биелэлтийг хэрхэн хангах талаар хууль тогтоомжид тодорхой зохицуулаагүй нь зөвлөмжүүдийг нэг мөр, бүрэн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь тавих хяналт сул болгоход хүргэж байгааг ажлын багийн танилцуулгад дурдсан юм.


Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжилтийг зохион байгуулах ажиллагаанд иргэний нийгэм, төрийн бус байгууллагыг хэрхэн татан оролцуулах, Засгийн газраас боловсруулж буй гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлэн, зөвшилцөх талаар хуулийн тодорхой зохицуулалт байхгүй байгааг мөн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан. Иймд ажлын багаас хэд хэдэн ажил хийх саналыг Хууль зүйн байнгын хороо болон УИХ-д санал болгов.


Тодруулбал, олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахдаа ажлын хэсгийн тайлангийн хавсралтад заасны дагуу холбогдох хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, цаашид Засгийн газар олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хамтад нь боловсруулж байхыг саналд тусгасан байна. Мөн олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн тайлан, зөвлөмжийн биелэлтийг УИХ-ын холбогдох Байнгын хороогоор улирал тутам хэлэлцэж, биелэлтийг хангах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, зөвлөмжийг хэрэгжүүлэх тайлан боловсруулах үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комисс, төрийн бус байгууллагын оролцоог хангах, зөвлөлдөх эрх зүйн орчныг бий болгох, олон талт олон улсын гэрээ нэг бүрээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан, зөвлөмжийн биелэлтийг хэлэлцэж, тухай бүрд авбал зохих ажлыг өрнүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.


Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээ, конвенцуудыг холбогдох Байнгын хороо бүрд эрхлэх асуудлынх нь хүрээнд танилцуулж, санал аваад, түүндээ тулгуурлан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шаардлагатай бол холбогдох УИХ-ын тогтоолыг батлах хэрэгтэй гэдэг саналыг Байнгын хорооны дарга хэлсэн. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ