БНХАУ өвлийн бэлтгэлийг базаахад бүхий л хүчин чадлаа дайчлахыг үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /The
Hill/. БНХАУ эрчим хүчний хямрал
гүнзгийрч байгаатай холбоотойгоор өвлийн бэлтгэлийг базаахад шаардлагатай бүх
арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг эрчим хүчний компаниудад үүрэг болголоо
гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд “Bloomberg” агентлагт мэдээлжээ.
Төрийн зөвлөлийн
Ерөнхий сайдын орлогч Хань Жэн өнгөрсөн долоо хоногт болсон яаралтай хуралдааны
үеэр ийм чиглэл өгчээ. Тэрбээр эрчим хүч, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн асуудал хариуцаж
буй юм.
"Bloomberg"-т эх сурвалжуудын мэдээлснээр, Хань Жэн энэхүү чиглэлийн талаар хэлэлцэхээр нүүрс, нефть, цахилгаан эрчим хүч гэх мэт төрийн өмчит эрчим хүчний бүх компанийг эдийн засгийн асуудал хариуцсан агентлагуудын хамтаар хуралдаанд дуудан оролцуулжээ.
БНХАУ-д энэ өвөл
цахилгаан хангамж тасалдахгүй байх бүх нөхцөлийг урьдчилан хангах хэрэгтэй гэдгийг
тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Тийнхүү төрийн өмчит эрчим хүчний хоёр компани
өвөл цахилгаан тасрахаас сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна
гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.
Дэлхийн олон
оронд эрчим хүчний асуудал нүүрлээд байгаа юм. Тухайлбал, Их Британид хийн хомсдол,
нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн тасалдал зул сарын баяр хүртэл үргэлжилж
болзошгүй байна.