Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр замын дагуу 10 сая мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2021-10-08 12:05:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” компани нэгдэж “Сая тонн-Сая мод” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.


Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр замын дагуу 10 сая мод тарьж, ногоон зурвас байгуулах ажлын нээлт энэ сарын 7-нд боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон яам, аймаг, компанийн удирдлага оролцов.


“Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компаниуд 2021-2030 онд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс аймагт 180 сая мод тарьж ургуулах юм.


Нийт модны 32 хувь буюу 57 саяыг нь говийн бүсэд,123 саяыг  хувьцаа эзэмшигч бүрийг төлөөлөн ойт хээрийн болон хуурай хээрийн бүс нутгийн цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах болон уул уурхайн нөлөөлөд өртөж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор тарина.


“Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Эрдэнэс Тавантолгой” ХК, ХААИС-ийн Агроэкологийн их сургууль, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, "Байгальд хөрөнгө оруулах цаг болсон. Гэхдээ мод тариад орхих биш, арчилж тордож ургуулах нь чухал" хэмээв. Мөн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувийг хамарсан цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалахад уул уурхайн компаниуд идэвх, санаачилгатай оролцож байгаад Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.


Цөлжилтөд их нэрвэгдсэн аймгийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрт манлайлан оролцохоо Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хэллээ.


Батлан хамгаалах салбарынхан 10 жилийн хугацаанд 22 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Давхардсан тоогоор 150 мянга гаруй хугацаат болон гэрээт алба хаагч хамгийн хүнд гэгдэх байршилд ажиллах юм байна.


Говийн бүсэд мод тарьж, арчилж ургуулахын тулд шинээр худаг гаргахаас гадна Загийн усны хоолой, Цагаан цав гүний усны орд зэргээс усны хэрэглээг хангахаар тооцсоноо “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат хэлэв.


“Сая тонн-Сая мод” хөтөлбөрт “Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компани болох Нүүрс баяжуулах үйлдвэр, “Зүүнбаян төмөр зам”, “Гашуунсухайт төмөр зам”, “Тавантолгой түлш”, “Гашуунсухайт автозам” болон Цанхийн уурхайнуудын гэрээгээр туслан гүйцэтгэгчид оролцох юм байна.

Холбоотой мэдээ