The Diplomat: Тяньжин боомтын бөөгнөрөл Хятад-Монголын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-08 19:53:18

ВАШИНГТОН. /The Diplomat/. БНХАУ бол Монгол Улсын худалдааны хамгийн том түншүүдийн нэг бөгөөд хүчирхэг эдийн засагтай, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээрээ тэргүүлэгч орон. Мөн далайд гарцгүй Монгол Улсын хувьд транзит тээврийн зангилаа /ОХУ-гаас гадна/ учраас Монголын эдийн засгийн үйл ажиллагаа, бусад орнуудтай хийх худалдааны дийлэнхийг нь нэвтрүүлдэг. Гэвч Тяньжин, Далянийн боомтууд, Хятад-Монголын хилийн Эрээн боомтод ачаа барааны бөөгнөрөл үүсээд удаж буй нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах болсонтой холбоотойгоор талууд энэхүү урьдчилан тааварлашгүй бэрхшээл сорилтыг даван туулах арга замыг эрэлхийлж байна.


2021 оны дөрөвдүгээр сарын сүүлээс хойш Өмнөд Хятадын тэнгист олон арван мянган чингэлэг түгжрээд байгаа нь дэлхийн зах зээлийн нийлүүлэлт хийгээд нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулаад байгаа юм. Үүний улмаас Монголын ачаа тээвэр Тяньжин, Далянь, Эрээнд гацаад байна. Тодруулбал, дөрөвдүгээр сараас хойш Монголын 4378-5000 чингэлэг эдгээр боомтод гацжээ. Энэхүү гурван боомт нь Хятад-Монголын худалдаа болон Монголын “гуравдагч хөрш” болох Турк, БНСУ, Япон, АНУ-аас бараа бүтээгдэхүүн импортлон авахад голлох үүрэг гүйцэтгэдэг.


Есдүгээр сарын 16-нд Монголын төлөөлөгчид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Тажикистаны нийслэл Душанбе хотноо зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцсон бол түүний төлөөлөгч, Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзаж, Хятад-Монголын худалдааны ойрын төлөв, тэр дундаа Тяньжин боомтод үүсээд буй ачаа барааны бөөгнөрөл, түүний эдийн засгийн үр нөлөөний талаар хэлэлцжээ.


Уулзалтын үеэр С.Амарсайхан “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш хоёр орны аль аль нь эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарсныг онцлон хэлжээ. Монгол Улсын хувьд халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ОХУ, БНХАУ-тай залгаа хилээ дөрвөн сарын турш хаасан бөгөөд эдгээр гэнэтийн өөрчлөлт нь Монгол, Хятадын эдийн засагт нөлөө үзүүлсэн. Тийнхүү БНХАУ нь иж бүрэн стратегийн түншийн хувиар “COVID-19”-тэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад тусламж дэмжлэг үзүүлсээр ирснийг С.Амарсайхан цохон тэмдэглээд, 2021 оны эхээр вакцин хандивласан явдалд талархаж буйгаа илэрхийлжээ.


Тэрбээр мөн Тяньжин боомтод одоогийн байдлаар 4378 чингэлэг гацаад буйг дурдаад, хилийн боомтуудаар ачаа барааны эргэлтийг түргэтгэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гуравдагч хөршүүдээс нийлүүлсэн бизнесийн болон хувийн эд бараа бүхий чингэлгүүдийн бөөгнөрлийг бууруулахад ахиц дэвшил гаргахад анхаарал хандуулахыг хүсжээ. Үүний хариуд Ван И, “Манай улс “COVID-19”-тэй тэмцэх чиглэлд гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтад вакцин, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахад бэлэн байна” хэмээн хэлэв. Мөн Хятадын Засгийн газар Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлгүүдийн бөөгнөрлийг арилгах, ачаа барааны эргэлтийг түргэтгэхэд анхаарна гэдгийг илэрхийлжээ.  


Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Даваасүрэнгийн ярьснаар, “Тяньжинд одоогоор 4378 орчим чингэлэг гацаад байгаатай холбоотойгоор чингэлэг түрээс, хадгалалт гэх мэт зардлууд нэмэгдэж байна. Түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 10-50 ам.долларт хүрч өсөөд байна. Ердийн үед чингэлэг боомтод 10 орчим хоноод тээвэрлэгддэг байсан бол одоо 40-50 хонож байна”. Мөн тус холбооноос саяхан гаргасан мэдэгдэлд, “Тяньжин боомтын чингэлгийн бөөгнөрлөөс ачаа барааг аажмаар татан авч байгаа ч өдөрт нэг галт тэрэг Монгол руу хөдөлж байна. Тийнхүү чиглэлгүүд тээвэрлэгдэж байгаа боловч эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх хэмжээнд хурдан биш байгаа тул боомтын ачаалал буурахгүй байна. Тээвэр, чингэлэг, түрээс, хадгалалтын төлбөр нэмэгдэж буй нь импортод тулгуурладаг жижиг бизнесүүдэд хүндээр тусаж эхэлж байна” гэв.


Ачаа барааны бөөгнөрлийн асуудлыг хэзээ нэгэн цагт шийдвэрлэх боловч хоёр улсын шийдвэрлэх ёстой логистикийн өөр нэгэн чухал асуудал бий. Тодруулбал, Хятадын Засгийн газрын хяналтад байдаг тээвэр, логистикийн томоохон компани болох “COSCO” нь Хятад даяар галт тэргээр хүргэх далайн бүх ачааг хянадаг бөгөөд Монголд хүрэх ачаа тээвэр ч мөн багтдаг. 2021 оны долоодугаар сард болсон Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын цахим зөвлөгөөний үеэр “Монголд бизнесийнхээ ашиг сонирхлыг төлөөлөх тусгай төлөөлөгчийг” томилох “COSCO”-гийн шийдвэрээс үүдэлтэй сорилтууд өсөн нэмэгдсээр байгааг Монголын тал цохон тэмдэглэсэн байна. Энэ нь Монголын ачаа барааны чингэлгүүдэд бас нэгэн саад тотгорыг бий болгожээ.


МОНЦАМЭ агентлагийн мэдээнд дурдсанаар, “Тусгай төлөөлөгчийг томилох шийдвэр гарахаас өмнө дотоодын тээвэр зуучлагчид “COSCO”-гоос чингэлгүүдийг шууд хүлээн авдаг байсан бол одоо тусгай төлөөлөгчөөр дамжих шаардлагатай болж байна. Үүнээс шалтгаалан хүргэлт, бүрдүүлэлтийн хугацаа нэмэгдэхээс гадна өөр бусад зардлууд нэмэгдэж буйг Монголын үйлдвэрлэгчид, ард иргэд мэдэрч эхлээд байна. Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын тээвэр зуучлагчдын холбооны хамтарсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 20 хувь нь тээвэрлэлт хуваариасаа 10 хувиар хоцорч буйг мэдээлжээ. Мөн 13 хувь нь 50-75 хувиар хоцорч байна гэсэн хариулт өгснийг цахим зөвлөгөөний үеэр онцлон тэмдэглэсэн байна. Гэвч энэхүү судалгааг зургаадугаар сарын сүүлээр хийсэн учраас ачаа барааны бөөгнөрөл нэмэгдсэнтэй зэрэгцэн өссөн нь гарцаагүй юм.


Монгол Улсын хувьд далайн чиглэлүүдийн аюулгүй, нээлттэй байдал нь ихээхэн ач холбогдолтой. Далайд гарцгүй газар зүйн байршил нь хөрш орнууд болох Хятад, Орост түшиглэх шаардлагыг бий болгодог бөгөөд эдгээр орон нь мөн дэлхийн худалдааны шууд эх үүсвэр, транзитийн түнш нь юм. Хятад-Монголын худалдааны тухайд гэвэл, “COVID-19”-ийн үр дагавар, Хятадын боомтод үүссэн бөөгнөрлийг үл харгалзан Хятад улс нь Монголын экспортын хамгийн том зах зээл хэвээр байна. Монголын Гаалийн ерөнхий газраас есдүгээр сард танилцуулсан мэдээллээр, энэ оны эхний есөн сарын хугацаанд Монголын нийт экспортын 88.2 хувийг, импортын 39.9 хувийг БНХАУ дангаар эзэлж байна. Дэлхийн ачаа тээврийн үнэ буурсаар байгаа тул Монгол, Хятад жижиг бизнесүүдэд, цаашлаад Монголын эдийн засагт нэмэлт санхүүгийн дарамт учрахаас сэргийлэхийн тулд эдийн засгийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна. 


Энэхүү нийтлэлийг Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Зүүн Ази, Америк судлалын чиглэлээр мэргэшсэн судлаач Л.Болор бичжээ. Тэрбээр АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийг Ази, Номхон далайн судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Холбоотой мэдээ