Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөлд санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-11 16:15:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг Архангай аймагт ажиллаж байна.


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан тус ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллаж байгаа юм. Тэрээр, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хамт хуулийн төсөлд санал солилцохоор Архангай аймгийн сумдын холбогдох хүмүүстэй уулзаж байна. 


Ажлын баг Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 3-нд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр ажиллаж буй юм.



Хуулийн төсөлд тусгагдсан сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцан, эзэмшлийн асуудлын давуу болон сул талыг судлан, төсөлд санал авах зорилгоор Архангай аймгийн Хотонт, Цэнхэр суманд ажлын баг одоогоор ажиллаж, ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийн талаар танилцуулав. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, хангамж өнөөгийн байдлын талаар танилцууллаа.  


Архангай аймгийн бүх сумдын эмийн сангууд бүгд хувийн хэвшилд шилжжээ. Ажлын багийн гишүүд аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй эмийн үнэ, чанар, хүртээмж болон эргэлтийн эмийн асуудал зэрэг өргөн хүрээнд саналаа солилцож байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ