ХОРИОТОЙ УРЛАНГИЙН УНШЛАГА

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-10-12 18:51:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Утга зохиолын “Everywriter” сайт дээр “literary magzine listing” гэж булан бий. Үүнд дэлхийн алдартай утга зохиолын топ 50 сэтгүүлийн жагсаалтыг гаргасан байдаг. Мэдээж хамгийн өндөр үнэлгээг “The New Yorker”, “Paris Review”, “New England Review”, “Tin House” зэрэг хүртжээ. Энэ жагсаалт 2003 оноос эхлэн дэлхийн сонгодог яруу найргийг хэвлүүлж, задлан шинжлэл хийж, найрагчдын дотоод дуу хоолой болсон гэх тодотголтой “Narrative” болон 1987 онд анх хэвлэгдсэн цагаасаа хойш өдгөө хүртэл гарч буй, утга зохиолын сэтгүүлийн сүүлийн үеийн олон нэр хүндтэй шагналыг хүртсэн “Witness” хүртэл үргэлжилдэг. Энэ цувааг харахад нэг зүйл тун тодорхой. Хүн төрөлхтөн утга зохиол, урлагийг үргэлжид хэлэлцэж, цаг ямагт хэрэглэж ирсэн бөгөөд цаашид ч хөсөр хаячихгүй гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь ямар нэгэн шинэ содон зүйлээр үргэлж баяжиж, өргөжин тэлж байдаг утга зохиолын асар том хүрээнд хөл тавихдаа аль номыг дэлгэхээ мэдэхгүй зогсож буй уншигчид эдгээр сэтгүүлтэй танилцаад авахад харамсах зүйл үгүй. Мэдээж дотоод агууламж, ном шиг хэлбэртэй форматаараа загварын болон бизнес сэтгүүлээс эрс ялгарч байлаа.


Монголд ч басхүү “Цог”, “Үндэсний уран зохиол”, “Улирал ба зохиолч” зэрэг нэрлэх сэтгүүл бий. Цөөхөн ч гэсэн утга зохиолын сэтгүүлтэй улс шүү, бид. Харин энэ намар утга зохиолын нэгэн шинэ сэтгүүл бий болж өдгөө уншигчдын талархлыг хүлээгээд буй нь “Тагтаа Review” юм. Редакцын зурваст өгүүлснээр тус сэтгүүл ямартаа ч гурван гол зорилготойгоор бий болсныг “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын эрхлэгч Б.Баясгалан ийн дурдсан байна.


“...Улирал тутамд хэвлэгдэх энэхүү сэтгүүлээрээ бид уран бүтээлчдэд бүтээл туурвилаа уншигч олон нийтэд хүргэх томоохон талбар бий болгож өгөхийг юун түрүүнд зорилоо. Мөн зохиолчид, уран бүтээлчдэд бие биеэсээ суралцах, өсөн хөгжих, бүтээлч өрсөлдөөн өрнүүлэх боломж нээж өгөх нь бидний хоёр дахь зорилго байв. Эцэст нь утга зохиолын салбарт мэргэжлийн редакцын шалгуур, шүүлтүүр, бүтээлч ажиллагааг нэвтрүүлэн уран бүтээлчдэд бүтээлийнхээ чанар чансааг дэнслэх боломж олгох, дэлхий дахинаа хэдий нь тогтсон энэ жишгийг уран зохиолын ертөнцөд соёл болгон төлөвшүүлэх эрхэм зорилгыг өмнөө тавьсан билээ”.


Дээр нь хамгийн чухал нь сонголт. Дэлхийн томоохон хэвлэлийн газар, сэтгүүлийн редакциуд өөрсдийн орны ид бичиж, бүтээн туурвиж буй эрхмүүд, номын томоохон редакторууд нийлж үнэлгээ гарган, сонголт хийснээр сэтгүүлийн ерөнхий бүтцийг гаргадаг. Мөнхүү улс оронд нь болон дэлхий нийтэд тухайн цаг мөчид болж буй онцлууштай үйл явдлыг онцгойлон дурдаж сэтгүүлийн цул бүхэллэг чанарыг зангиддаг билээ. Ер нь сэтгүүл бүтэх үйл явц тийм хялбар биш. Тэр дундаа утга зохиолын сэтгүүл олон арван сонголттой тулгарахын зэрэгцээ адаглаад л урт удаан хугацаанд цаас ширтэж суух тэвчээр заах хэрэгтэй болно. Асар их уншиж, судласны үндсэн дээр хэм хэмжүүр, цар хүрээ ч бас тодорхойлогдоно. Тиймээс олон “автор”-ын бичсэн юмсыг базаж өрөөд л хэвлээд гаргачихдаг үйл явц ерөөсөө биш юм.


ГОЛ СЭДЭВ


Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахлын вирус дэгдсэний улмаас сүүлийн жилүүдэд томоохон урлаг соёлын үйл ажиллагааг хязгаарлаж, улс хоорондын тээвэрлэлт зогсож, хүмүүс ч мөн орон гэртээ бүгсэн билээ. Одоо ч энэхүү үйл явц үргэлжилж буй бөгөөд вирусын эсрэг “вакцин” хэд хэдэн улс гаргаж авсан ч бүрэн гүйцэд цэг тавьж чадаагүй хэвээр. Тэгвэл энэ хугацаанд хүмүүс, уран бүтээлчид хорионд байсан гэхээр тэдэнтэй цуг урлаг ч мөн хоригдсон болж таарна. Тиймээс “Тагтаа” сэтгүүлийн хамт олон цар тахлыг ерөнхий “концепц”-оо болгож үүний дагуу сэдвүүдээ бэлтгэсэн байна. Түүгээрээ дамжуулан Монголын залуу гэрэл зурагчдын төлөөлөл болгон Б.Бат-Оргилын гэрэл зургуудыг онцолжээ. Сэтгүүлд хамгийн чухал зүйлсийн нэг нь мэдээж гэрэл зураг. Зохиолч хүн байнга уншиж, дуучин хүн үргэлж нот цээжилж байх ёстой. Үүнтэй адил гэрэл зурагчин камераа бариад гадагш гарах тохиолдолд онцгой зүйлсийг бүтээж чадна. Мэдээж энэ нь тухайн хүний сонирхол, мэдрэмжтэй холбоотой. Зарим нь баримтат гэрэл зураг байх бол цөөхөн хэсэг зөвхөн өөрийн мэдрэмжинд тулгуурлана. Бүтээлч ажил илүү үнэртсэн, урсгал чиглэлээр өөр, өөр байх нь мэдээж. Гэвч ямар ч зураг, дуу хөгжим, гэрэл зураг бүтээсэн эзнийхээ зан араншин дотоод сэтгэлтэй адил байх албагүй. Энэ ч бас л олон талын ойлголт. Харин камераа үүрээд гадагш гарах гагцхүү зурагчин хүнтэй л хамгийн нягт холбоотой мэт санагдана.


“Тагтаа” сэтгүүлд орсон зургууд яг л бидний туулаад гарсан өдөр хоногуудын тусгалыг уншигчдад харуулна. Хүмүүсийн аж төрөхүй, цар тахал, амьдралын жинхэнэ дүр төрх, түүн дотор тусах гэрэлтэйгээ хамт бий.


ОНЦЛОХ БҮТЭЭЛЧИД



1.


Сэтгүүлээс нэн түрүүнд “Совин билгийн сонор буюу арван гуравдугаар зууныг хүлээхүй” ярилцлагыг онцлууштай. Ярилцлагын зочин нь Монголын хүүрнэл зохиолын нэгэн том төлөөлөгч Доржзовдын Энхболд. Утга зохиолын уншигчид түүний “Соёо”, “Паанан” зэрэг туужис, “Казиног номхотгосон түүх” роман, “Шар хөвийн зэрэглээ”, “Жаргалмаа” зэрэг өгүүллэгээр нь андахгүй. Харин энэ удаад тус сэтгүүлээс түүний бүтээл туурвилийн онцлогоос илүү бүтээх явцтай нь, хувь хүн Д.Энхболдтой танилцана. Өөрсдийн минь дунд алхаж яваа хүчирхэг бийрлэгчийн сэтгэлийн урцанд хүүрнэлдэн суух хэчнээн таатай билээ. Ахмад болон үеийн зохиолчдын дурсамж, алс холд суусан өдрүүд, шинэхэн зохиолын тухай тэд ярилцжээ. Хамгийн гол нь ярилцлагын дундуур өөрсдийн бодол санааг хүүрнэх хэлбэрээр оруулж, нэгэн том сэдэв дууссаны хойно ярилцаж буй хоёр хүн зочин зохиолчийг өөрсдийнхөөрөө дүгнэхээс гадна бодол санаагаа хуваалцана. “Монгол хүн болгон бүгдээрээ нэг нэг амьтантай гэж би боддог юм аа. Тэр нь зарим нь толгой дээгүүр нь нисэж л явна. Зарим нь морьтой явж байхад нь нуруун дээр нь унтаж л байна” гэх буюу “Соёо” туужийг бичих үйл гацчихсан байхад гэр дээгүүр үл мэдэх амьтан явах чимээ гарсан зэргийг уншин суухуйд зохиолчийн яриа бус зохиол унших мэт сэтгэгдэл ч хааяа төрнө.

2.


Дараагийнх нь мэдээж яруу найрагч Д.Галсансүхийн “Шинэ шүлгүүд” байв. Түүний яруу найргийн шилмэл түүвэр болох “Бурханд хэлэх зөвлөгөө”-гөөс хойш уншигчид нь шинэ шүлгүүд хамгийн их хүлээж, цангасан болов уу. Өөрийн үзсэн, харсныг үнэнээр илэрхийлнэ, барьж аваад бийрлэж сууна, дотроо оршоосон үнэнийг гаргаад цацчихна гэдэг асар их эр зоригоос гадна эрх чөлөөнийх нь тунхаг биз ээ. Яг л Д.Галсансүх харагдаж, мэдрэгдэж, сонсогдож, сэтгэл гэдэг эрхтнийг сэнсрүүлж орхих шүлгүүдийг “Тагтаа” утга зохиолын сэтгүүл онцолсон байна.


3.




Мэдээж цар тахлын үед урлаг хоригдсон учир зөвхөн уран зохиолын бичвэрүүдээр хязгаарлагдсангүй. Ерөнхий агуулга, энэ төрлийн бичвэр ихэвчлэн давамгайлах ч тус сэтгүүлд кино, дүрслэх урлаг, сэтгүүл зүйн тэмдэглэл зэргийг давхар багтааж өгсөн нь агуулгыг улам бүр баяжуулжээ. “Вакцинжсан урлаг” хэмээх кино нийтлэлд дэлгэцийн уран бүтээлүүд цар тахлын үетэй хэрхэн холбогдож байгааг харуулаад зогсохгүй онцолсон кинонуудынхаа тухай нарийн ажиглалт хийж дүгнэжээ. Мөнхүү балетчин эмэгтэйн хөрөг ярилцлага, уран зураачийн бийрийн дуу нь уншихгүй өнгөрөхөд хайран санагдана.


4.




Миний санахад сэтгүүлийн нэг зорилго нь “Уран бүтээлчдэд бүтээл туурвилаа уншигч олон нийтэд хүргэх томоохон талбар бий болгож өгөх” билээ. Гэхдээ хэвлэн нийтлэхэд сонголтын зарчимтай заавал тулгарна. Харин тэрхүү сонголт хэр зэрэг итгэл найдвар бидэнд төрүүлж байгааг “Тагтаа” сэтгүүлийн шинэхэн дугаараар шинэхэн зохиолтойгоо уншигчдын өмнө зогсож буй хүүрнэл зохиолчдын бүтээлээс харж болно. Үүнд Л.Отгонсүрэнгийн “Хөндий өвсний дуун”, Ц.Ганцэцэгийн “Чиби үхсэн өдөр”, Х.Буянбатын “Бидний өнгө, гэрэл”, Б.Байгалийн “Үлдэн хоцрогсод”, Э.Бүжинлхамын “Үгийн шидийг эзэмшээгүйдээ үхэхийг хүснэ” зэргийг нэрлэнэ. Ялангуяа хамаг л хүслэн болсон зүйлийнхээ золиосонд аавынхаа дурсамжийг үгүй хийсэн ч тэр бүхэн нь эргээд ямархан гэрэлд аваачиж буйг, амьдралд өрнөх үйл явдлын хэлхээн дундаас бидний олж харах, авч чадах өнгө гэрлийн тухай урласан Х.Буянбатын өгүүллэг... Алс холын орны алслагдмал сууринд эмээтэйгээ аж төрөх монгол охины тухай Б.Байгалийн өгүүллэг зэрэг залуу уран бүтээлчдийн бичлэгийн арга барил, сэтгэл зүйн олон өнгийг нээн үзүүлнэ. Сайн бүтээлд цаг хугацаа хэмжүүр тогтоодог гэдэг. Тэгвэл цаг хугацааны хэмжүүрээс өмнө сайныг нь сайн, мууг нь муу гэж дэнслэх боломж уншигчдад ч бас олдсон нь завшаантай хэрэг билээ.


ҮҮД 


Сайн зохиолыг юу агуу болгож байдаг вэ? Яг одоо хэн бичиж, хэн нь судлаж, зурж, бүтээж байна вэ? Хэн тэгээд агуу ихийн тодорхойлолтыг олгож, бусадтай жишин харьцуулдаг вэ? Мэдээж сайн уншигчид л болов уу. Өөр олон хүчин зүйлс нэмэгдэж магадгүй.  Дээр нь нэмээд бид гаднаас бус дотроо байгаа гоо сайхныг нээх, өөрсдийгөө уудлаад үзэх, эх орныхоо энгүүн сайхантай нүүр тулахын учгийг “Тагтаа Review” сэтгүүлийн “Хориотой урлан”-д сууж уншчихаад сүүлийн хуудсыг хаахдаа мэдрэв. Уншаад дууссан хойно яг л хаалга хаах шиг мэдрэмж төрсөн юм. Гэтэл эсрэгээрээ нэгэн үүд өмнө минь цэлсхийн нээгдсэн байв.


Гэрэл зургийг | Г.Чинзориг
Өнгө, эвлүүлэг | Ч.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ