Аливаа эрсдэлийг бууруулахын тулд төлөвлөх ёстой

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-10-13 10:35:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг бүх нийтээр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэх болжээ. Болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг “гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” гэж нэрлэсэн аж. Ийм эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх үүндээс ийм өдөртэй болжээ.  


Гамшгийн тухай ярихын тулд эхлээд түүнийг юу вэ? гэдгийг зөв тодорхойлох ёстой болов уу.  “Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчин, улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол” гэж гамшгаас хамгаалах тухай Монгол Улсын хуульд тодорхойлжээ. Энд багтсан “аюулт үзэгдэл” гэснийг “хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах” гэж нарийвчилжээ. Тэдгээрээс газар хөдлөлтийг тусад нь авч үзье.


“Газрын хэвлий буюу чулуулаг мандалд их хэмжээний энерги хуримтлагдаж тэр энерги ямар нэг аргаар чөлөөлөгдсөнөөр газрын хэвлийгээр тархах үзэгдэл” гэж мэргэжилтнүүд ярьж байна. Тэрхүү энерги суллагдсанаар эвдрэлд орсон орчин эргэн  тайван байдалд шилжих хүртэл дахин дахин жижиг газар хөдлөлт үүссээр байдаг онцлогтой аж.


Шинжлэх ухаанд газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж хэлэх төвшинд хүрээгүй гэнэ. Газар хөдөлсөн тохиолдол бүрийг бүртгэх станц манай улсад 1957 онд суурилагджээ. Хүчтэй газар хөдлөлтийг амжиж мэдээлэх аюулыг нь анхааруулах арга технологи бий болсон байх жишээтэй.  Газар хүчтэй хөдөлсөн нөхцөлд дахин хэзээ давтагдах вэ гэдгийг судалдаг байх юм. Тухайлбал, 1957 оны 12 дугаар сарын 4-ний 12 цаг 39 минутад Говь-Алтайн гурван Богдод 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Түүнийг судлахад тухайн цэгт 2500 жилийн дараа дахин газар хөдөлнө гэсэн тооцоолол хийжээ. Манай улс их газрын гүнд оршдог. Ийм учраас газрын гүнд энерги хуримтлах хугацаа ийм хол гарсан гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.


Газар хөдлөлтийн  эргэн тойронд эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах гээд олон төрлийн ойлголтууд нэгээсээ урган гардаг. Эдгээр нь хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг бололтой. Газар хөдлөлтийн аюулын үнэлгээнд империк аргыг хэрэглэх бөгөөд, хагарлыг дахин шалгах, мөн шинээр хагарал байгаа эсэхийг тогтооход ч ашиглаж болноМөн газар хөдлөлтийн хүчийг баримжаалахын тулд империк (зайнаас хамааран газар хөдлөлтийн хүч сарних тооцоо) аргыг одоогийн хэрэглэж байгаа үнэлгээтэй уялдуулан бүхий л төрлийн байгууламжийн эрсдэлийн үнэлгээнд ашиглах газар хөдлөлтийн хүчний индексийг тооцон гаргах боломжтой гэж үздэг байх юм. 


Барилгын эрсдлийн үнэлгээний хувьд байшинд учрах хохирлын зэргийг аль болох өндөр нарийвчлалтайгаар тогтоохын тулд, “Тэсвэрлэлтийн хязгаарыг тооцоолох аргачлал (дүрэм)”-д үндэслэнэ. Энэ нь газар хөдлөлтийн хүчний шинж чанараар хариу үйлчлэлийн спектрыг, Склетоны муруйг барилгын онцлог шинж гэдгээр нь авч ашиглаж газар хөдлөлтийн хүчийг дахин шалгаж тогтооход ашигладаг байх жишээтэй. Мөн барилгыг бэхлэх, буулгаж шинээр барих зэрэгт ашиглах боломжтой. Энэ арга нь харьцангуй хялбар бөгөөд, динамик аргатай адил элдэв төвөгтэй дэс дараалал шаарддаггүй, үр дүн нь ч тогтвортой байдаг гэж үздэг байна.   


Гүүрний эрсдэлийг үнэлэх зорилгоор хэд хэдэн гүүрэнд статик ба динамик шинжилгээ хийж түүний үр дүнд үндэслэн гамшгийн (хохирлын) зэргийг тогтоох туршилт хийсэн байна. Гэхдээ статик ба динамик судалгааг Японы шинжилгээний багаж техник (analysis tool)-г ашиглан байгууламжийн загварыг гаргаж бодит байдлыг тусгажээ. Гүүрнээс бусад байгууламжийн хувьд  нэгийг нь сонгох боломжгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.  


Монгол  Улсад газар хөдлөлтийн бат, бөхийн стандарт 1970 онд бий болжээ. Түүнээс өмнө баригдсан барилгууд өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Нийслэлийн барилгын 8.7 хувь, орон нутагт барилгын 16.7 хувь газар хөдлөлтийн стандартгүй баригджээ. Мөн ашиглагдаж байгаа  барилгын 20 хувь нь газар хөдлөлтийн стандартыг хангахгүй байна гэсэн судалгааг МХЕГ гаргаж байжээ. Ийм барилгуудын тоонд нийслэлийн хувьд  нэхмэлийн шар (дахин төлөвлөлтөд орсонгэж нэрлэгдэх сууцнууд хийгээд 1940-1950 оны үед баригдсан барилгууд орно. Тэдэн дээр   хугацаанд нь  их засвар хийгээгүй насжилт өндөр барилгууд нэмэгдэнэ. Улмаар 2016-2020 оны хооронд нийслэлд 3820 барилгад иж бүрэн шалгалт хийж  эдгээр барилгыг цаашид ашиглах боломжгүй. Дахин төлөвлөлтөд нэн даруй оруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын байгууллага гаргаад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ. Газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилгад манай улсын зарим иргэд амьдардаг байх магадлал тун өндөр байна. Улаанбаатар хотын барилга байгууламж нь хотын төв хэсэг болон гэр хороололд байршиж байгаагаасаа шалтгаалж газар хөдлөлтөд тэсвэрлэх чадамжаараа эрс ялгаатай тул дүүрэг, хороо бүрт тохирсон үнэлгээний аргыг хэрэглэх шаардлага гарах  бололтой.


Ганцхан газар хөдлөлт гэхгүй аливаа эрсдэлийг бууруулахын тулд төлөвлөх ёстой аж. Гамшгаас хамгаалах тухай хуульд “Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна” гэж заажээ.


Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг Даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэнэ. Ажлын хэсэгт онцгой байдлын байгууллага, ЗДТГ, төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх алба, мэргэжлийн анги хуулийн этгээд, сайн дурынхан, иргэдийн төлөөлөл орно. Онцгой байдлын газар, хэлтэс нь төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх хуультай.

 

Холбоотой мэдээ