Э.Мягмардорж: Монгол бичгийг уламжлалт аргаас илүүтэй цахим хэрэглээнд шууд сурах боломжтой

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2021-10-14 16:09:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын контемпорари каллиграфчдын холбоо"-ны тэргүүн, "Хүн наран" монгол бичгийн цогц сургалтын төвийн захирал Э.Мягмардоржтой ярилцлаа.


-"Монголын контемпорари каллиграфичдын холбоо" болон “Хүн наран” цогц сургалтын төвийг хэзээ байгуулав. Танай төв монгол бичгийн бүх талын сургалт явуулдаг уу?

-Монголын нэн орчин үеийн урлагийн уран бичээчдийн холбоог 2021 оны 6 дугаар сард  байгуулсанКонтемпорари гэдгийг нэн орчин үеийн гэсэн утгаар хэрэглэж байна. Хүн төрөлхтний соёлын нэгэн хэлбэр болж буй XXI зууны  хамгийн  орчин үеийн урлагийн хандлага юм. Бүжгийн болон дүрслэх урлаг зэрэг урлагийн олон төрөл контемпорари чиглэлд маш хүчтэй түрэн орсон байна. Монгол бичгийг орчин үеийн энэхүү урлагтай  хослуулан хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага гэж үзсэний  үндсэн дээр холбоо байгуулсан.

Урлагаар дамжуулж монгол бичгийн гайхамшгийг дэлхий нийтэд хүргэх нь бидний зорилго ба үүний тулд уран бүтээлчид  төдийгүй монголчууд бүгдээрээ монгол бичгээ мэддэг болох үүнийг бид таниулан сурталчлах заах ёстой юм байна гээд холбооныхоо дэргэд “Хүн  наран” сургалтын төвөө наймдугаар сард байгуулсан.


-Сүүлийн үед хүмүүс монгол бичгийг сурах сонирхолтой болж, салбарын яамнаас ч гэсэн хос бичигтэн яам болж дэмжин ажиллаж байгаа. Сургалтын төвөө “Хүн наран” хэмээн нэрлэсэн тухайд?

-Монгол бичгийг 1990-ээд онд нэгдүгээр ангиас эхлэн зааж, хэсэг хугацаанд сэргэж байгаад кирилл үсэг ороод буцаад орхигдсон. Өнөөдөр монголчууд нийтээр монгол бичгээ сурч мэдэхийг эрмэлзэж төр анхааралдаа авч шат дараатай үйл ажиллагаа явуулж нийтээр анхаарч байгаа нь монгол бичгээ уран бичлэг болон урлагтай хослуулж бүтээлээ туурвиж ирсэн уран бичээч нар чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хувьдаа  үздэг. Тэр тусмаа ахмад уран бичээч багш нар буюу Хүүхдийн ордоны зураач Д.Батбаяр багш болон орчин үеийн калиграфын загалмайлсан  эцэг гэгддэг Д.Баттөмөр агсан нар гавьяатай юм. Тиймээс зураач, уран бүтээлч бид илүү их  юм хийх ёстой юм байна. Тэгж  байж монгол бичиг илүү хөгжинө гэж үздэг.

“Хүн наран” гэсэн нэр бүтээлээ хийж байхад өөрөө үүдэгдсэн л дээ. Эрдэм номтой эсвэл аз жаргалтай, амар амгалан хүн өөрөөсөө гэрэл цацруулдаг шиг монголчууд монгол бичиг, өв соёлоо өвч шингээсэн хүн нар мэт гэрэлтэж болно гэсэн санаагаар бэлгэшээж, энэхүү нэрийг өгсөн.  Хүннү нар гэж ярьдаг шиг бид нар, та нар, тэд нар гэж олон тоон дээр хэлдэг боловч наран гэсэн хүнээ хүндэтгэсэн эртний утга нь явж байна гэж ойлгодог.


-Та бүхэн цахим сургалтыг хэрхэн явуулдаг вэ. Сүүлийн үеийн монгол бичгийн цахим шийдлүүд хөтөлбөрт бүгд туссан уу?

-Манай төв шат дараалсан системтэй цогц сургалт явуулдаг. Манай сургалтын төвийн онцлог нь монгол бичгийг уламжлалт аргаас илүүтэй цахим хэрэглээнд шууд сурах боломжтой. Анхлан  сурч буй хүмүүс утасныхаа аппликейшнээс үсгээ уншаад, бичээд  фэйсбүүктээ сэтгэгдлээ монгол бичгээр бичих барилаар хичээлээ зааж байгаа. Энэ нь илүү үр дүн үзүүлж байна.  Самбарт  “А” үсэг бичээд заахаас илүүтэй цахим орчинд ялангуяа хүүхэд, залуучууд илүү хурдацтай сурч байгаа.


-Цар тахлын энэ үед танхимаар сургах боломж хэр байна, цахим танхим хослуулдаг уу?

-Манай сургалтын төвийг хамтарч үүсгэн байгуулсан Н.Цэрэндаваа багш МУБИС-ийг төгссөнБид дөрөв дэх сургалтаа явуулж  байна. Үүнээс үзэхэд маш үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа. Танхимаар болон онлайнаар хичээл ордог. Онлайн бол танхимын сургалтаас  харьцангуй үр дүн багатай гэдэг ч гэсэн манай сургалтын онцлогтой илүү зохицож байгаагаараа давуу талтай. Зөвхөн Монголд төдийгүй гадаадад байгаа иргэд цахимаар холбогдон суралцах бүрэн боломжтой.

Сургалтын төв 14 хоногийн хугацаанд 30 цагийн хичээл заадаг. Хүмүүс цогц сургалтын төв гэхээр нэг дор бүгдийг заадаг гэж ойлгодог. Бага багаар, шат дамжлагатай заана.

Мэргэжлийн уран бичлэгийн сургалтыг төвийнхөө цаашдын үйл ажиллагаанд тусгах зорилготой. Монгол бичгийн анхан, дунд шатны мэдлэгтэй хүнд зураг зүйн хичээлийг суурь болгож заахаар судалж байна.


-Монгол бичгийн үндэсний гуравдугаар хөтөлбөрт заасны дагуу салбарын яамнаас дэмжлэг хүссэн үү,  шийдэгдсэн зүйл бий юу?

-Соёлын яам хос бичигтэн яам болсонтой холбоотой хамтран ажиллах хүсэлтээ өгсөн байгаа. Хэрэв хамтарвал ингэж ажиллана гэсэн төлөвлөгөө гаргаад явж байна.


-Багшлах боловсон хүчний хувьд танайх хэр бэлтгэгдсэн бэ?

-Багш нараа бэлтгэж байна. Манай сургалтын төв 2021 оны 8 дугаар сард байгуулагдсан. Энэ ондоо багтааж сүүлийн 1-2 удаагийн элсэлт авна. 2022 онд өргөжүүлсэн шинэ хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулна. Одоогоор хоёр багш, дэд, ерөнхий захирал гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


-Сургалтын төлбөрийн хэмжээ болоод сургагч багшийн цалин урамшуулал ямар байдаг вэ?

-Багш  нарынхаа цалин  урамшууллыг  сургалтынхаа төлбөрөөс олж байгаа. Дөнгөж байгуулагдаж байгаа учир бид бүтээе болгоё гэсэн зүтгэлээр ажиллаж байна.


-Гол төлөв ямар насныхан танайд хандаж байна?

-Манай сургалтын төвд хамгийн бага нь тавдугаар ангийн сурагч, хамгийн ахмад нь 50 настай хүн байдаг. Ер нь насны хязгаар байхгүй. Сүүлийн үед 40-ээс дээш насныхан ихээр хандаж  байгаа. Мөн бага ангийн сурагчид монгол бичиг, уран бичлэг сурах сонирхолтой байдаг.


-Одоогоор нийт хэчнээн хүн төгсөөд байна вэ?

-Эхний төгсөгч зургаан хүн байна. Нийт 20 гаруй хүн төгссөн.


-Энэ бүхэнд ямар бэрхшээл тохиолдож байна вэ?

-Сургалтаа дөнгөж эхлүүлж байгаа учраас байрны асуудалтай байгаа. Урландаа хичээлээ зааж байна. Урландаа бийрэн бичлэгийн хичээл ороход давуу болон сул талууд бий. Бийрэн бичиг сонирхож буй  хүмүүст урлан дээр хичээл заахад маш тохиромжтой байдаг. Зураачийн урлан жижиг учраас цөөхөн хүнийг хамруулж байгаа. Мөн цар тахалтай үед түрээсийн байрыг өргөжүүлэх гэхээр эрсдэлтэй. Сургалтаа үр дүнтэй явуулж, төгсөгчид сэтгэл хангалуун байвал бидний үйл ажиллагаа өргөжнө гэсэн итгэлтэй байна.


-Монгол бичгээ сурч мэдэх хандлага, мэдрэмж ямар байна гэж та бүхэн үзэж байна?

-Хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн. Энэ нь 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх болсонтой холбоотой. Мөн төрийн дэмжлэгтэй бичиг соёлын үзэсгэлэнгүүд зохион байгуулдаг. Ингэснээр иргэд монгол хүн байна даа, монгол  бичгээ суръя гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон нь анзаарагддаг. 


-Таны хувьд ямар мэргэжилтэй вэ, монгол бичигтэй хэрхэн холбогдов?

-Би зураач,  уран  дархан мэргэжилтэй.  Монгол бичиг нэгдүгээр ангиасаа эхлэн үзсэн. Уран  бичлэг  бичээд  10 гаруй  жил  болж  байна.


-Сүүлийн үед хийсэн бүтээлүүдээсээ сонирхуулна уу?

-Би Улаанбаатар  их дэлгүүрийн B1 давхарт  “Улаанбаатар артель” гэсэн уран зураг, уран бичлэгийн худалдаа үйлчилгээний дэлгүүр ажиллуулдаг.  Үүндээ өөрийн бүтээлүүдээс гадна бусад залуу уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд хүргэх, борлуулах мөн уран бичлэгийн соёлыг түгээж, сургалтын төвийнхөө үйл ажиллагааг сурталчлах ажил хийж байна.


-Уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж байв уу?

-Бүтээлүүдээ зураад ерөнхийдөө бэлдэж байна. Монгол бичгийн гүн рүү орох тусам улам гүнзгийрдэг юм байна. Бүтээлүүдээ шинэчлэх илүү сайжруулах гээд хойшлуулаад байгаа. Үзэсгэлэнгээ 2022 онд гаргах төлөвлөгөөтэй байна. Зургийн болон уран бичлэгийн уламжлалт үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог.


-Та бүхэн цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцана уу?

-Монголчууд нийтээрээ монгол бичгээ сурч, монгол бичиг маань төрийн бичиг болоосой гэсэн хүсэлтэй явдаг. Үүнд өөрсдийн хувь нэмрийг оруулах нь бидний зорилго юм. Миний хувьд монгол бичиг намайг хүмүүжүүлсэн. Монгол хүн байх, хувь хүний үзэл бодол, өвөг дээдсийнхээ ухаан, соёлыг монгол бичгээс олж авсан. Зарим хүмүүс зөвхөн бичиг гэж хардаг. Гэтэл монгол бичигт өвөг дээдсийн маш их гүн ухаан бий. Тиймээс хүн бүр монгол бичгээ сураасай хэмээн уриалж байна.


-“Хүмүүн бичиг” сонинтой хамтрах буюу танай суралцагчид манай захиалагч болоод, унших орчноо буй болгоод, хоршоод явах боломж бий юу?

-Тэгэлгүй яахав. “Хүмүүн бичиг” сонины хамт олонд талархаж, бахархаж явдгаа энэ ташрамд хэлмээр байна. Сонингоо захиалан уншиж хэвшихийг сургалтад хамрагдсан шавь нартаа болон мөн нийт монголчууддаа уриалж байна.














Холбоотой мэдээ