“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-13 17:53:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.


Энэ хүрээнд Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаа зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, оновчтой болгож, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад чиглэгдсэн илүү таатай эрх зүйн орчин бүрдэхээс гадна Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.


“Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо”-ны дэргэд төр, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын баг байгуулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулахыг хуралдааны үеэр үүрэг болгожээ.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:


·Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний эрх шилжүүлэх болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөө гаргаж, ирэх оны төсвийн тухай хууль батлагдсан даруйд баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо.


·Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.  


·МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгалаа.        


·Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын багийн үйл ажиллагааны явцын талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас үүрэг болгосон байна.


·Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.


·Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.


·Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор 64 баримт бичгийг хүчингүй болголоо. Үүнтэй холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг энэ оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.      


·Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


·Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд одоо ашиглаж байгаа 52 нэгж талбараас эхний ээлжинд тус нийгэмлэгийн барилга, байгууламжийн байрлаж байгаа 49 нэгж талбарын газар ашиглах эрхийг 2021 оны аравдугаар сард багтаан баталгаажуулах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт болон Нийслэлийн Засаг даргад даалгав.

Холбоотой мэдээ