Цахим сүлжээ ашиглан залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-14 11:48:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн сард нийт 131 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад 146 хэрэг буюу 52.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хэдийгээр нийт гэмт хэргийн тоон үзүүлэлт буурсан боловч цахим сүлжээ ашиглан залилах, тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргүүд өсөх хандлагатай байна. Тухайлбал, онлайн худалдаа хийх, бага хүүтэй зээл олгох нэрийдлээр болон бусдын цахим хаягийг ашиглан залилах гэмт хэргүүд гарч байгаа аж.

"Цахимаар үйлдэгдсэн гэмт хэргийг шалгах явцад залилагч этгээд гадаад улсаас, эсвэл хэн нэгний гээсэн, хулгайд алдсан карт ашиглан, мөн таксины жолооч эсвэл танихгүй хүмүүсийн дансаар дамжуулан мөнгийг шилжүүлэн авч байгаа тул цагдаагийн байгууллага илрүүлэхэд хүндрэлтэй, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна" гэдгийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Ержан хэллээ.

Иймд иргэд онлайн худалдаа хийх тохиолдолд бараа, материалаа хүлээн авч байж төлбөрөө шилжүүлэх, бага хүүтэй зээл олгох үйл ажиллагаа нь баталгаатай эсэхийг нягтлах, мөн таны ойр дотно, танил хүмүүсийн цахим хаягаар мөнгө зээлэхийг хүссэн мессеж ирсэн тохиолдолд тухайн хүмүүстэй уулзаж, эсвэл утсаар ярьж өөрөө мөн эсэхийг шалгах шаардлагатайг тэрээр анхаарууллаа. 

Холбоотой мэдээ