Хятад улс эрчим хүчний экспортоо хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-15 11:47:03

МОСКВА. /TASS/. Хятадын тал "Интер РАО" компанитай хэлэлцээ хийх үеэрээ 2021 оны 11, 12 дугаар сард нийлүүлэх эрчим хүчнийхээ хэмжээг 2020 оны түвшнээс хоёр дахин нэмэгдүүлэхийг хүссэн байна.


Энэ тухай “Интер РАО” компанийн худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Александр Панин “Оросын эрчим хүчний долоо хоног” чуулга уулзалтын үеэр мэдээлжээ.


"Бид Хятадын талаас 11, 12 дугаар сард  өнгөрсөн оны эдгээр саруудын түвшнээс ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлэх талаар албан ёсоор хүсэлт гаргахыг хүлээж байна. Хэрэв албан ёсны хүсэлтийг хүлээн авч, ийм хэмжээний эрчим хүч нийлүүлэх техникийн чадварыг баталбал 2021 оны эцэс гэхэд Хятад руу нийлүүлэх хэмжээ 4 тэрбум кВт.ц болж нэмэгдэнэ" гэж тэрбээр хэлсэн байна.


БНХАУ -ын Төрийн цахилгаан сүлжээ компаниас эрчим хүчний хомсдол нүүрлээд байгаатай холбогдуулан холбогдох хүсэлт гаргасны дараа 10 дугаар сарын 1-нээс тус улс руу хийх цахилгаан эрчим хүчнийхээ экспортыг 90 хувиар нэмэгдүүлсэн гэж  “Интер РАО” компани урьд нь мэдээлж байжээ.


Есдүгээр сарын 27-нд Хятадын мэдээллийн "Земянь" цахим хуудсанд мэдээлснээр, тус улсын 20 бүс нутагт нүүрсний хомсдолын улмаас цахилгаан эрчим хүчийг янз бүрийн хэмжээгээр хязгаарлажээ. Тухайлбал, Хятадын зүүн хойд мужуудад зөвхөн үйлдвэрүүд төдийгүй айл өрх, албан газруудын эрчим хүчний хэрэглээг хязгаарласан байна.


Нүүрсний хомсдол үүсэх гол шалтгаан нь байгаль орчны үндэсний стандартыг чангатгасантай холбоотойгоор үнэ нь өссөнтэй холбоотой байна. Түүнчлэн цар тахлын улмаас гадаадын ханган нийлүүлэгчдийн ажил тасалдаж байгаагийн улмаас нүүрсний импорт буурсан нь нэмэлт шалтгаан болжээ.

Холбоотой мэдээ