Дэлхийн нефтийн эрэлтийн урьдчилсан таамаглалыг өсгөжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-10-15 12:48:47

ПАРИС. /Xinhua/. Олон улсын эрчим хүчний агентлаг /IEA/ 2021, 2022 оны дэлхийн нефтийн эрэлтийн урьдчилсан таамаглалыг өсгөжээ.


“Одоогийн эрчим хүчний хямралаас улбаалан дэлхийн нефтийн эрэлт 2021 онд өдөрт 5.5 сая торхоор, 2022 онд 3.3 сая торхоор нэмэгдэх хандлагатай байна” гэж тус агентлагаас сар тутам эмхлэн гаргадаг Нефтийн зах зээлийн тайланд онцлон тэмдэглэжээ.


IEA”-гийн тооцооллоор, дэлхийн нефтийн эрэлт 2021 онд өдөрт 96.3 сая торход, 2022 онд 99.6 сая торход хүрэх төлөвтэй байна. “Нүүрс, хийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсний зэрэгцээ цахилгаан хангамж тасалдах болоод буй нь эрчим хүчний салбар, эрчим хүч ихээр зарцуулдаг аж үйлдвэрүүдийг нефтийн хэрэглээ рүү шилжихэд хүргэнэ” гэж тайланд дурджээ.


Дэлхийн нефтийн нийлүүлэлтийн тухайд авч үзвэл, АНУ-ын нефтийн олборлолт “Айда” хар салхины үр дагавраас сэргэж, “ОПЕК+” өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 11 дүгээр сард 400 мянган торхоор нэмэгдүүлэхэд бэлэн болоод байгаа тул 10 дугаар сард огцом өснө гэж тус агентлаг таамаглаж байна.


Мөн “IEA” эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн аж үйлдвэрийн үйл ажиллагаа хумигдаж, эдийн засаг COVID-19” цар тахлаас сэргэх үйл явц саарч болзошгүйг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ