"НҮБ-ын долоо хоног" аяныг 2500 мод тарих ажлаар эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-18 12:42:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан "НҮБ-ын долоо хоног" аяныг энэ сарын 20-27-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. 


Тус аяныг энэ сарын 20-нд Баянзүрх ууланд нэг га талбайд 2500 мод тарьснаар эхлүүлнэ гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр тус яаманд болсон хэвлэлийн хурлын эхэнд тодотгов. Мод тарих ажилд НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, бусад төрөлжсөн байгууллага болон Гадаад харилцааны яам дэд сайдын хамтаар оролцох юм. 


Тэрээр "НҮБ-ын долоо хоног" аяны хүрээнд ГХЯ-наас хэрэгжүүлэх ажлуудыг товч танилцууллаа.

 

  • Энэ сарын 21-ний 10.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Элчин сайдаар олон жил ажилласан академич Ц.Батбаярын "Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: эхлэл, өрнөл, төгсгөл" номын нээлт болно.
  • 21-ний 15.00 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн болно. 
  • 22, 23-нд МУИС-ийн нэгдүгээр байранд Хүүхэд, багачуудад зориулсан "UN модуль" ёслолд 16 улсын нийт 81 ахлах ангийн сурагч оролцоно.
  • 24-ний 19.20 цагт МҮОНРТ-ээр "Алтан аргамж" тусгай нэвтрүүлгийн эхний дугаарыг хүргэнэ. Үүнд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, сайд асан Ц.Гомбосүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Байнгын төлөөлөгч В.Энхболд, Ц.Батбаяр нар НҮБ-д Монгол Улс элссэний ач холбогдол, хүндрэл бэрхшээл, одоогийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэнэ. 
  • 25-ны 09.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Монгол Улс, НҮБ-ын 60 жил: Өнгөрсөн түүх буюу хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. 
  • 26-ны 10.00 цагт ГХЯ-ны Номин танхимд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркны нээлт болно. 
  • 26-ны 15.00 цагт ГХЯ-ны 101 тоот танхимд "Монгол Улс ба НҮБ" гар зураг, зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах ёслол болно. 
  • 27-ны 20.30 цагт МҮОНРТ-ээр "Дэлхийн Монгол" баримтат нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхээр бэлтгэжээ. 



Хэвлэлийн хурлын үеэр НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн мэнд дэвшүүлээд, тус байгууллагад бүрэн эрхт гишүүн болсноор, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг дэлхийн тавцанд баталсан онцгой үйл явдал болсныг онцлов. Тэрбээр, "Зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганд дэлхийн 190 улс оролцож "Тогтвортой хөгжлийн зорилго-2030" хөтөлбөрийг баталсан. Тэдгээр улс орны нэг нь Монгол Улс юм. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд бүх талаар дэмжиж, ахиц гаргахын тулд ажиллаж байна. Цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд зарим талаар ухрах үзүүлэлт ажиглагдаж байгаа нь энэ зорилгыг хэрэгжүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах цаг болсныг харуулж байна. Тиймээс УИХ, Засгийн газартай хамтран өнгөрсөн сарын эхээр Тогтвортой хөгжлийн зорилт-2030 дээд түвшний чуулган зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд Монгол Улс ямар ач холбогдол өгч, идэвх гаргаж байгааг илтгэсэн" хэмээн мэдээллийн үеэр тэмдэглэв. 


УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх дэд хороотой хамтран өсвөрийн парламент байгуулсан бөгөөд энэ зорилгыг биелүүлэхэд хүүхэд залуусын оролцоог хангаж байгааг тодотгов. 


Мөн дараагийн таван жилд НҮБ, Монгол Улсын хамтын ажиллагааны гэрээ байгуулах баримт бичгийг боловсруулж буйг мэдээлэлдээ онцоллоо. Эдгээрээс гадна Монгол Улсын хүнсний тогтолцоо, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар өргөн яриа хэлэлцээрийг өрнүүлж буйг дурдлаа. 


Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Нэг тэрбум мод" хөтөлбөрийг дэмжиж мод тарих ажлаар "НҮБ-ын долоо хоног" аяныг эхлүүлж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэв. 


Ташрамд дурдахад, НҮБ нь 1945 оны 10 дугаар сарын 24-нд байгуулагдсан. Тус байгууллага нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын байгууллага юм. 


Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлийг 1946 оноос хойш таван удаа тавьсан бөгөөд 1961 оны 10 дугаар сарын 27-нд 101 дэх гишүүнээр элссэн юм.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд "Мянганы хөгжлийн зорилт"-ын залгамж болгон "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийг тунхаглан баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхээр, Монгол Улс өөрийн улсын онцлогт тохируулан институцийн шаталсан бүтэц байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулан ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ