Эрүүл мэнд, боловсролын салбарыг ирэх онд санхүүжүүлэх зарчмыг шинээр тодорхойлжээ
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ
улсын төсвийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаан (21-10-14)-аар
хийж холбогдох байнгын хороодод шилжүүлээд байгаа билээ. Улсын
төсвийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг холбогдох байнгын хороод
хийнэ. УИХ, Засгийн газраас өргөн барьсан төсвийн дээд доод
хязгаарт ямар нэг өөрчлөлт оруулахгүй. Ийм нөхцөл үүсвэл Засгийн газраас заавал
санал авах хуулийн зохицуулалттай. Төсвийн тухай хуулийн төслийг парламент 4
удаа хэлэлцэж, 11 дүгээр сарын 15-ны дотор батлах үүрэгтэй.
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг чанар, үр дүн, гүйцэтгэлд тулгуурлан бүтэц, зохион байгуулалтыг 2021 оноос эхлэн шинэчилжээ. Энэ гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх шинэчлэл ирэх онд эрчимжих бололтой. Тухайлбал, төлбөрийн болон чанарын хяналтыг сайжруулж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхээр тусгажээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүн Ё.Баатарбилэгийн эмч, ажилчдын цалин хөлсийг нэмэх боломжийн талаар асуусан асуултад, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээ бие дааж, гүйцэтгэлээр санхүүжих суурийг 2021 онд тавьсан. Ийм учраас эмч ажилтнуудыг гүйцэтгэлээр нь цалинжуулах боломжтой болсон байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаар дамжуулан тус салбарт 2022 онд 376 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Энэ санхүүжилт эмнэлгүүдэд хуваагдаад очно. Түүгээр эмнэлгүүд эмч, ажилтнуудын цалинг гүйцэтгэлээр нь нэмэх боломжтой гэж хариулсан юм. ЭМДС-гаар дамжуулан хийх дээрх санхүүжилтээр эмнэлгүүд бие даан эмч, ажилтнуудынхаа цалинг гүйцэтгэлээр нь нэмэх нөхцөл бүрдэх бололтой.
Төрийн албаны тухай
хуульд эмч ажиллагсдын цалингийн хэмжээг хатуу зааж өгсөн байдаг юм байна.
Түүнийг тухайн салбарын цалингийн доод хэмжээ (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ) болгон өөрчлөх зохицуулалт бүхий
хуулийн төслийг төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн барьжээ. Төрийн албаны тухай хуульд дээрх
өөрчлөлт орсноор эмч ажилтнуудын цалинг эмнэлгүүд бие даан нэмэх эрх зүйн орчин
бүрдэх бололтой.
Сургалтын чанар, үр дүнгийн
гүйцэтгэлийг урамшуулж, чадварлаг багшийг дэмжсэн, ажлын байрандаа
тасралтгүй хөгжих боломжтой байхаар төсөв, санхүүгийн шинэчлэлийн цогц
арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж БШУ-ны сайд УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаан дээр тус салбарын төсвийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн
асуултад хариулахдаа онцолжээ.
Боловсролын
санхүүжилтэд нөлөөлөх хүчин зүйлсийг зөвхөн хүүхдийн тоо, барилга
байгууламжийн ашиглалтаар хэмждэг байжээ. Харин ирэх онд сургалтын орчин болон нийгэм
эдийн засгийн олон хүчин зүйлсийн нөлөөллийг тооцож, хүүхэд хаана сурч
байгаагаас үл хамааран суралцах тэгш боломжоор хангах зорилт тавьжээ.
Улаанбаатар, Дархан-Уул,
Орхон зэрэг хүн амын төвлөрөл ихтэй газруудад нэг хүүхдийг сургах нэг жилийн
дундаж зардал 1.0 сая төгрөг орчим байгаа ажээ. Анги бүлэг дүүргэлт доогуур байдаг Булган, Говь-Алтай,
Дундговь зэрэг аймагт нэг хүүхдийг сургах нэг жилийн дундаж зардал 1.9 сая төгрөг
байгаа юм байна. Нэр дурдсан аймгуудад суралцагсдын
зардал Улаанбаатар хотоос хоёр дахин өндөр байна.
Нэг хүүхдийг сургахад
зарцуулж байгаа дундаж урсгал зардал өндөр хэлбэлзэлтэй байгаа нь
сургалтын хөтөлбөрийн онцлог, байршил, хэв шинж болон сургуулийн хүртээмжээс
хамааралтай болжээ. Мөн багш-сурагчийн тооны харьцаа, нэг бүлэгт
хуваарилагдах хүүхдийн тоо, барилга байгууламжийн ашиглалт, сургалтын орчин,
тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний хүрэлцээ нөлөөлж байна гэж үзсэн
байна. Мөн хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгүүдийн ялгаа
их байгаа учир тэгш байдлыг тогтооно. Багш нарын цалин урамшууллыг үйл
ажиллагааны чанар, үр дүн, гүйцэтгэлд тулгуурлан хувьсах зардлыг бодитоор
үнэлэн санхүүжүүлж байх тогтолцоонд шилжих учиртайг тодотгож, багш нарын суурь
цалинг 200-300 мянган төгрөгөөр дээшлүүлэх боломж бүрдүүлэх талаар БШУ-ны сайд
Л.Энх-Амгалан ярьжээ.
Монгол Улсын хүн амын
хэтийн тооцооллоор 2030 онд сургуулийн насны хүн амын тоо 35.2 хувь, үүнээс
бага ангийн хүүхдийн тоо 10.9 хувь, дунд ангийнх 43.7 хувь, ахлах
ангийн насны хүүхдийн тоо 64.8 хувь нэмэгдэх төсөөлөлтэй байгаа нь цаашид
сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагыг үүсгэж байна.
Эрүүл мэнд, боловсролын
салбар нь хангалуун дундаж давхаргыг бүрдүүлэх хамгийн чухал салбар. Эдгээр
салбарын тогтолцооны шинэчлэлийг хийхэд энэ жилийн төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ гэж
Засгийн газар үзжээ. Улмаар эрүүл мэнд, боловсролын салбарыг 2022 онд
санхүүжүүлэх зарчмыг дээрх байдлаар шинээр тодорхойлжээ.