"Ази-Европын цахим харилцаа" уулзалт хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбооны гүүр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-07-07 12:23:50

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг “Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт” өнөөдөр “Ази-Европын цахим харилцаа” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ.

Энэхүү уулзалтыг МСНЭ, ГХЯ хамтран зохион байгуулж байна.

Уулзалтыг нээж Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Энэ арга хэмжээ удахгүй болох Ази-Европын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болон АСЕМ үүсэн байгуулагдсаны 20 жилийн тэмдэглэлт ойн өмнө болж буйгаараа онцгой ач холбогдолтой.

Монгол Улс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тогтолцоотой, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээдэлдэг. 1998 онд манай парламент Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлан хэрэгжүүлснээс хойш манай улсад төрийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй болсон. Мөн 2011 онд мэдээллийн ил тод байдлын тухай болон мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар олон нийтийн болон хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохицуулах болон захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бүхий л байгууллагууд бие даасан хараат бус байж, аливаа улс төрийн нөлөөллөөс ангид байхаар хуульчилж өгсөн.

Бидний амьдралд харилцаа холбооны технологи улам бүр нэвтэрч, бид түүнээс хамааралтай болоод байна. Монгол Улс тоон технологи болон нэг хүнд ногдох интернэт хэрэглээгээрээ бүс нутагтаа тэргүүлэх улсын нэг болж чадсан. Гурван сая илүү хүн амтай Монгол Улсад нийт 3 сая 200 мянган үүрэн утас идэвхтэй хэрэглэгч, 3.1 сая дата хэрэглэгч бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй үүрэн утасны бүх компаниуд 4G горимд шилжсэн. Монголын нийт үүрэн телефон хэрэглэгчдийн 75 хувь 3G, 4G горимд шилжсэн. Манай улсад 2.4 сая хүн интернэт идэвхтэй ашиглаж, амьдралынх нь өдөр тутмын хэрэглээ болжээ. Сансар буюу D DISH, IPTV манайд аль хэдийн нэвтэрч, хот, хөдөөгийн нийт хэрэглэгчдийн тэн хагасаас илүү нь кабелийн буюу олон сувгийн телевиз үзэж байна. Хүн төрөлхтний харилцаа холбооны төлөв хандлагаас харахад технологийн дэвшил биднийг улам бүр ойртуулж байна. Харин энэ их мэдээллийн урсгалыг хэрхэн зөв залах вэ гэдэг талаар бодох шаардлага гарч байна. Мэдээллийг олон нийтэд  шуурхай, үнэн бодитоор, хараат бус байдлаар хүргэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэх хүмүүс өнөөдөр цуглаад байна. Энэ удаагийн дугуй ширээний уулзалт үр өгөөжтэй болж, хоорондын ялдаа холбоог улам бэхжүүлэх үйлсэд илүү алсыг харсан санаа бодлыг түгээн дэлгэрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уулзалтад Ази-Европын 24 орны  30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын редактор, сэтгүүлчид оролцож байна. Тухайлбал, Монгол Улсыг төлөөлж МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Оюундарь, Английн ВВС-ийн “World 2020” төслийн тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Португалийн “Португал Импренто Ассоциац”-ийн ерөнхийлөгч Жоао Палмейро, Бельгийн “Мондэйл Ньюс”-ын Ерөнхий редактор Жэй Горис, ОХУ-ын “Монголия сегодня” сэтгүүлийн Ерөнхий редактор Юрий Крючкин, БНХАУ-ын “The paper.cn” цахим хэвлэлийн хэлтсийн дарга Ву Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин, Энэтхэгийн төлөөлөл оролцож байгаа юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид ярихдаа, “МСНЭ энэ уулзалтыг хариуцан зохион байгуулж байгаа нь  нэр төрийн хэрэг. Энэ нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндийг өргөсөн чухал арга хэмжээ боллоо. Уулзалтад Ази-Европын 24 орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцож байгаа нь Монгол болон Монголын хэвлэл мэдээллийг сурталчлах гарц гэж харж байна. Хоёр  өдрийн хуралдааны дараа улс орны төлөөлөл үзэл бодлоо илэрхийлэн, санал бодлоо солилцон нэгдсэн баримт бичиг гаргана” гэв.

Энэ удаагийн уулзалт Ази-Европ хоёр тивийг ойртуулан, ялангуяа сэтгүүл зүйн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэх төдийгүй Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулна  гэж зохион байгуулагчид дүгнэж байна. 

Энэхүү дугуй ширээний уулзалт маргааш өндөрлөнө.

 

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ