Тив хоорондын бизнес эрхлэлтийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-07 13:28:07

Ази, Европын бизнесийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт” энэ сарын 13-14-нд болох талаар өнөөдөр зохион байгуулах хорооноос мэдээлэв.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын сүүлийнх болох энэхүү чуулга уулзалтад 51 гишүүн орны 600 орчим төлөөлөгч оролцож. тив хоорондын бизнес эрхлэлтийн өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцэх юм. "Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази-Европын уялдаа холбоо”, “Жижиг, бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээн д нэгдэх” болон “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” гэсэн 4 салбар хуралдаанаас бүрдэнэ гэдгийн Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү хэллээ.

Тэрбээр, “Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулахад 258 сая 830 мянган төгрөг төсөвлөсөн. Үүний ихэнхийг хуралдааны танхимуудыг тохижуулахад зарцуулж байгаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах орчныг бүрдүүлэх, зочдод хурлын талаар мэдээлэл бэлтгэн тараах зэрэгт зарцуулна.

Энэ удаагийн уулзалтад Монголоос 300 орчим төлөөлөгч оролцоно. Ингэснээр гадаадын томоохон бизнес эрхлэгчдэд өөрсдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа танилцуулах боломж бүрдэнэ. Энгийн үед гадаадад сурталчилгаа явуулахад хэдэн 100 сая төгрөг шаардагддаг бол энэ удаад томоохон бизнес эрхлэгчдийг эх орондоо авч ирж, үнэгүй сурталчилгаа хийнэ гэсэн үг.  Энэ нь ихээхэн цаг, мөнгө хэмнэсэн чухал алхам юм” хэмээв.

“Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх” салбар хуралдаанаар Монгол шиг жижиг улс том орнуудын эдийн засгийн нэгдэл, харилцаа, холбооноос хэрхэн ашигтай ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Харин “Ази-Европын уялдаа холбоо” хуралдаанаар дэд бүтцийн уялдаа холбоо, эдийн засгийн коридор, шилжилт хөдөлгөөн, тогтвортой аялал жуулчлалын талаар хэлэлцэх аж.

Дэлхийн томоохон улсуудын нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний худалдааны сүлжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг оруулах боломж, бэрхшээл, дотоодын үйлдвэр болон үндэстэн дамнасан корпорацийн харилцааны талаар “Жижиг, бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээн д нэгдэх” салбар хуралдаанаар хэлэлцэнэ.

Харин “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” хурлаар хөрөнгө оруулалтыг дэмжих, хариуцлагатай бизнес эрхлэлт болон байгаль орчинд ээлтэй ногоон технологи бүтээх, нутагшуулах, сэргээгдэх эрчим хүч зэргээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Чуулганаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн “АСЕМ-ын Дээд түвшний уулзалт”-д хүргүүлэх аж. 

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ