АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-24 18:36:53

ВАШИНГТОН. /VOA/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким пуужингийн туршилт явуулахаа зогсоож, цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Пёньянд дахин уриалжээ. Хэдхэн хоногийн өмнө БНАСАУ сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа усан доогуур шумбагчаас баллистик пуужин харвасан юм.


Вашингтон, Пёньяны хэлэлцээ зогсонги байдалд ороод удаж буй энэ үед Сун Ким БНАСАУ-ын сүүлийн үед явуулсан туршилтуудын талаар БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцсэнийхээ дараа ийнхүү мэдэгджээ. Тэрбээр, “БНАСАУ-д өдөөн хатгалгаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалж байна. Бид тус улсын төлөөлөгчидтэй нөхцөл болзолгүйгээр уулзахад бэлэн хэвээр байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Энэ долоо хоногийн мягмар гарагт БНАСАУ шумбагч онгоцны шинэ баллистик пуужин туршсан нь сүүлийн долоо хоногуудад явуулсан тав дахь туршилт нь болсон юм. БНСУ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, шумбагч онгоцноос харвасан пуужин нь хөгжүүлэлтийн эхэн үе шатандаа явж байгаа бололтой байна.

 

БНАСАУ 2019 оны 10 дугаар сараас хойш анх удаа усан доогуур пуужин туршсан нь Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг нэгдүгээр сараас хашиж эхэлснээс хойших олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан туршилт болжээ. Шумбагч онгоцноос харвасан пуужинг урьдчилан илрүүлэхэд хүндрэлтэй байдаг бөгөөд уг туршилт нь НҮБ-ын олон тогтоолыг зөрчсөн байна. 

Холбоотой мэдээ