Фижи зарим орны жуулчдад хилээ нээнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-10-25 11:06:37

СУВА. /Reuters/. Фижи улс ирэх 11 дүгээр сарын 11-нээс эхлэн зарим орны жуулчдыг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхээр болжээ.


Тодруулбал, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Их Британи, АНЭУ, Канад, Катар, Герман, Испани, Франц, БНСУ, Сингапур, Швейцар, Япон болон Номхон далайн арлын ихэнх орнуудын жуулчдыг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэх ажээ.


Аялагчдын хувьд вакцинд хамрагдсан баталгаа болон 72 цагийн дотор өгсөн коронавирусний шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлагатай. Мөн Фижид ирсэн эхний хоёр өдрөө зочид буудалд байрлах бөгөөд бүх тоног төхөөрөмжийг нь ашиглах боломжтой байна. Тийнхүү хоёр өдрийн дараа түргэвчилсэн шинжилгээ өгснөөр аялал жуулчлалын аюулгүй бүсүүд рүү аяллаа эхлүүлнэ.


Фижийн Засгийн газрын мэдээлснээр, аюулгүй бүсүүдэд арлын онцлох үзэсгэлэнтэй газрууд багтаж байгаа ажээ. Харин Фижид эргэн ирж буй оршин суугчид болон найз нөхөд, хамаатан садныхаа гэрт зочлох гэж байгаа хүмүүсийн хувьд зочид буудалд гурван хоногийг өнгөрүүлж, коронавирусний шинжилгээ өгснийхөө дараа хүссэн газар луугаа явах боломжтой байна. 

Холбоотой мэдээ