"Чингис хаан" нисэх буудал цагт 1200 зорчигчид үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-07 16:19:09

Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 43 ажил төлөвлөснөөс 80 гаруй хувийн  гүйцэтгэлтэй явж буйг мэдээллээ.

Тодруулбал шинээр онгоцны 9 зогсоол  ашиглалтад орж, хөөрч буух зурвасын төгсгөлийн 500 метрт хүчитгэлийн ажлыг хийж дуусгав. АСЕМ-ын үеэр 23 улсын 29 агаарын хөлөг буух бөгөөд цагийн зохицуулалтыг хийсэн учир буух зурваст ямар нэгэн асуудал үүсэхгүй хэмээн албаныхан тодотголоо.Түүнчлэн “Буянт-Ухаа”-д шалган нэвтрүүлэх 8 цэгийг иж бүрэн шинэчилснээс гадна олон улсын зорчигчдод зориулсан зай талбайг өргөтгөх, шинээр транзит танхим, агаарын хөлөгт суух хоолой, хүндэт зочны төв танхимыг шинэчилж, гэрэлтүүлгийг сайжруулжээ. Манай улс Ази, Европыг холбосон, агаарын замаар дамжин өнгөрөхөд аюулгүй байдлыг бүрэн хангасан хамгийн таатай газар зүйн байршилтай улс. Тиймээс транзит танхимыг бий болгосноор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэг нэмэгдэж улмаар улсын төсөвт оруулах навигацын орлого нэмэгдэх боломж бүрджээ. Транзит танхимд олон улсын зорчигчдын явах, ирэх танхим, бизнес танхим, худалдаа үйлчилгээ, амрах өрөө зэргийг цогцоор нь шийджээ.  Танхимын бүтээн байгуулалт нийтдээ 2000 гаруй м.кв талбайг хамарснаар нисэх буудал цагт 1200 орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болж байна. Өмнө нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудал цагт 800 орчим зорчигчдод үйлчилдэг байв.

Б.Заяа

 

Холбоотой мэдээ