"Элчингийн цом-2021" таеквондо пүмсэ, цахим тэмцээнд Дорнодын тамирчид амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-10-25 17:52:58

Дорнод /МОНЦАМЭ/. Монголын Таеквондогийн холбоо, Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан "Элчингийн цом-2021" таеквондо пүмсэ, цахим тэмцээнд Дорнодын тамирчид амжилттай оролцож, зургаан мөнгө, есөн хүрэл медаль хүртжээ.

Монгол Улсын спортын мастер Н.Наранцогт багштай "Хан оргил Соёлз" таеквондо хөгжлийн төвийн баг, тамирчид ийнхүү анхны томоохон тэмцээндээ чамлахааргүй амжилт гаргасан байна. Өнөөдөр аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн аймаг орон нутгийнхаа нэрийг өргөж, амжилт үзүүлсэн тамирчдад талархал илэрхийлэн медаль, өргөмжлөлийг нь гардуулан өгч сурлага, спортод нь амжилт хүслээ.

Тодруулбал, бага насны ангилалд Нэгдүгээр сургуулийн сурагч Э.Амарбаясгалан, Тавдугаар сургуулийн сурагч А.Мөнх-Ундрал, Наймдугаар сургуулийн сурагч Г.Анар нар мөнгөн медаль хүртсэн бол өсвөр насны ангилалд "Фловер" сургуулийн сурагч Б.Номин, Тавдугаар сургуулийн сурагч Н.Намуун, "Долоодой" сургуулийн сурагч Б.Дарьяа нар хүрэл медалийн эзэд болжээ. Харин залуучуудын насны ангилалд Наймдугаар сургуулийн сурагч Э.Номин-Эрдэнэ, "Хан-Уул" сургуулийн сурагч Б.Нарансолонго, Нэгдүгээр сургуулийн сурагч З.Оюу-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн байна.

Ташрамд дуулгахад, тэмцээн энэ сарын 9-16-ны өдрүүдэд болж, 40 багийн 400 орчим тамирчин өрсөлдсөн юм.

 

Холбоотой мэдээ