Мах, гурил, шатахууны үнийг Төр зохицуулна

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2022-04-15 17:39:34

Засгийн газар Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн агуулгыг танилцуулахдаа “Энэ хууль батлагдсанаар Засгийн газраас мах, гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид нөлөөлөх гол нэрийн бүтээгдэхүүнд Засгийн газар зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын болон гаалийн албан татварт Засгийн газар зохицуулалт хийдэг эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн мах, гурил болон газрын тосны тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөр, шаардлагатай хөнгөлөлт, санхүүжилт олгох, ханшийн зохицуулалттай холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулахаар тусгасан” хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгэхдээ “Дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцооллоор олон улсын төвшинд шатахууны үнэ 64-70 хувиар өсөх прогноз гарч байна. Ийм байдалд бүх улс тэр дундаа манай улс ч багтах төлөвтэй болж байна” гэдгийг ч хэлсэн.  

Хамгийн гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ОХУ зөвхөн рублиэр тооцоо хийнэ гэсэн болохоор дөрөвдүгээр сарын нэгж өртөг манайхаар 1000 төгрөгөөр огцом нэмэгдэж байна. Одооноос арга хэмжээ авахгүй бол цаашлаад огцом өснө. Тиймээс эхний ээлжинд шатахуун, мах, гурилтайгаа байх хэрэгтэй. Хууль батлагдсанаар энэ гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийхээс биш, ид шидийн мэт үнийг нь барина гэж байхгүй. Гэхдээ гол гурван бүтээгдэхүүн дээрээ анхаарлаа төвлөрүүлье гэж шийдвэрлэсэн. Хурцадмал байдал өнөөдөр, маргаашдаа шийдэгдэхгүй. Он дуустал хэвээр үргэлжилнэ. Намжлаа гэхэд эдийн засгийн хориг цаашдаа үргэлжилнэ. Ниргэсэн хойно нь хашгирч байхаар наана нь бэлтгэл ажлаа хангах нь зөв гэж үзсэн учраас Засгийн газраас энэ хуулийн төслийг оруулж ирсэн” гэдгийг ч онцолж байсан юм.


Өнгөрсөн лхагва гаригт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний өсөлт, хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.


Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: “Хуульд гурил, мах, шатахууныг тусгасан учраас уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн сайдад нэмэлт төсөв шаардагдана. Тиймээс бусад сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас хэмнэлт гаргана. Төсөв, ерөнхийлөн захирагч нарын хооронд нэмэлт эх үүсвэрийг зохицуулах шаардлагыг энэ хуулиар олгоно.Тиймээс төсвийн чадах хэмжээнд буюу стратегийн топ гурван бүтээгдэхүүн дээр анхаарахаар тогтсон” гэсэн бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гол нь экспортыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх, хоногт 1000 машин гаргах саналуудыг Хятадын талтай ярьж байна. Тус улсын зүгээс “Танайд илүү их боломжийг олгож байгаа. Бусад хил залгаа улсуудын нөхцөл байдал танайхаас хамаагүй муу байгаа” гэсэн. Бургастай боомтыг дөрөвдүгээр сарын 15-нд, Шивээхүрэн-Сэхээ боомтыг энэ сардаа багтааж нээнэ гэсэн. Ингэснээр нийт зургаан боомт хэвийн ажиллана гэсэн үг” гэж тайлбарлаж байлаа.


Харин өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцээд УИХ-д төсвийн тодотголыг өргөн барихаар тогтжээ. Төсвийн тодотголоор ямар, ямар зардлаа танаж, Засгийн газар хэмнэлтийн ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар жагсаалын үеэр залуусын тавьсан шаардлагуудыг Засгийн газар хэлэлцсэн байна. Залуусын тавьсан саналын 50 гаруй хувь нь үнийн өсөлт, 14 хувь нь төрийн үргүй зардал, 12 хувь  нь авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой байсан ажээ. Шаардлагуудыг судалж үзээд асуудлыг үе шаттайгаар шийдэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Юутай ч, эхний ээлжинд дараах шийдвэрт хүрчээ. Үүнд: 


-Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдлоос сэргийлэх хуулийг УИХ-д өргөн барьж, өнөөдөр батлагдлаа. Энэ хууль хэрэгжсэнээр үр дүн гарна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсч байгаа ч дотоодод бензиний үнэ өсөхгүй байх боломжийг бий болгоно.


Шатахуун импортлогчдод эргэлтийн хөрөнгө болон татаас олгоно. Ингэснээр ААН-үүд жижиглэнгийн шатахууны үнийг боломжит түвшинд барих боломжтой болно. Нийт 100 гаруй сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Энэ хууль батлагдсанаар гурил, махны үнийг тогтвортой барина. Үйлдвэрлэгчид, тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг төрөөс олгоно.  Мөн импортоор оруулж ирдэг цагаан будаа, элчин чихэр, ургамлын тосны импортын онцгой албан татварын таван хувийг он дуустал цуцлах саналыг УИХ-д оруулахаар болжээ. Түүнчлэн дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ НӨАТ-аас чөлөөлөх саналыг УИХ-д оруулахаар боллоо. 


Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийг дэмжиж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгоод явна. Хүүгийн татаасыг төрөөс олгоно. Төсвийн тодотголд хүүгийн татаасыг шингээнэ. Хөнгөлэлттэй зээлийг хүнсний ногоо тарих, тариалан эрхлэх,  боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгоно. Ингэснээр хүнсний хомсдол үүсгэхээс бүрэн сэргийлнэ гэж үзсэн байна.


Ингэж яаравчлан арга хэмжээ авахаас ч аргагүй. Учир нь улсын хэмжээнд инфляц 14.4 хувьд хүрлээ гэдгийг өнөөдөр Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээлсэн. Албан ёсны мэдээнд “Өмнө оны мөн үетэй харьцуулахад инфляц дөрвөн хувиар, өмнөх сараас 0,8 хувиар өсч, улсын хэмжээнд инфляц 14.4 хувьд хүрлээ. Улаанбаатар хотын инфляц гуравдугаар сард 15,8 хувьтай гарсан байна. Инфляцын энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн бараа бүтээгдэхүүний өсөлт 18 хувь хүрсэн нь голлон нөлөөлжээ. Үүнд, ялангуяа мах махан бүтээгдэхүүний үнэ 16,6, согтууруулах бус ундааны зүйл 16,1, бензин шатахууны үнэ жилийн өмнөхөөс 55 хувиар өссөн нь инфляцад хамгийн ихээр нөлөөлсөн байна” гэдгийг дурьдсан юм. Ийм эмзэг цаг үед Засгийн газар яаралтай арга хэмжээ авснаар мах, гурил, шатахууны үнийг Төр зохицуулахаар боллоо.

 

 Н.Саранчимэг

 

 

Холбоотой мэдээ