ТУУЛЬСИЙН ОРОН ЗАЙН ӨНГӨ, БУДАГ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-10-27 19:07:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Сэтгүүлчийн хүүрнэл:


Дөнгөж хэлд орсон хүүхэд “Энэ юу вэ” гэсэн асуултыг тавьж эхлэхээс авхуулан түүнд зурагт ном үзүүлж ажиллахад сайн үр дүн гардаг ажээ. Харин сургуулийн дунд ангилалаас доош насны буюу бичиг үсэг сонирхож эхлэл үед нь хүүхдэд сонгодог уран зохиолын ном бариулаад суулгачихаж болохгүй нь мэдээж. Гэвч хүүхдэд өгөөж ихтэй боловч хэт нуршуу, бага насанд тохиромжгүй үйл явдлууд ихээр гардаг сонгодог зохиолууд бий. Мөнхүү улс орон болгоны ёс заншил, соёлыг шингээсэн язгуурын асар том, баялаг бүтээлийг томчууд л унших ёстой гэсэн бодлоор “хүүхдэд өгөөжтэй” хэсгийг нь мартаад орхичихож болохгүй. Учир нь тэдгээр үлгэр домгийн шинжтэй сонгодог зохиолуудад хүүхдэд хэрэгтэй ёс зүйн үзэл санаа агуулагдсан байдаг. Тэдгээрийн нэг нь эртний уран зохиолын баатарлаг туульсийн нэг болох “Гэсэр” юм.


Уг бүтээлийн хүүхдэд зориулсан хувилбарын зургийг “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” редакцийн хүүхдийн номын зураач Б.Гантулга урлажээ. Тэрээр мөн “Хавар, Зун, Намар, Өвөл” зэрэг хайлтын цуврал ном, “Хилэн хар”, “Пиноккио”, “Эмил ба мөрдөгчид”, “Нар сар Рах” зэрэг хүүхдийн номуудын зургийг бүтээж уншигчдын хүртээл болгожээ. Ер нь туульсийн зохиол гэдэг асар баялаг хэл, өгүүлэмжтэй сэтгэхүйн олон талт бүтээл байдаг. Тэрхүү домгийн ертөнцийн орон зайг өнгө будгаар дүүргэнэ гэдэг мэдээж амар хялбар үйлс бус билээ. Тиймдээ ч “Туульсийн орон зайн өнгө, будаг” гэж нэрлэв.


Хүүхдэд зориулсан зохиол, ном хэвлэл, зураг зэрэг аливаа бүтээлийг туурвихаасаа өмнө “Хүүхэд яг юу сонирхдог вэ” гэж өөрөөсөө асууж үзсэн хүн ер нь хэд байдаг бол.


-ГОЁ ЗУРАГ ХҮҮХДЭД ЗОХИХГҮЙ-


-Гадаа намар болж байна. Алхаж явахад тань энэ улирлын юу нь таны сэтгэлийг татаж, хамгийн гоёор хөглөж өгдөг вэ?


-Улирал бүхэн л өөр өөрийн давтагдашгүй онцлогтой байдаг. Гол нь хүн бүхэн өөрсдийн мэдрэмжээр л агшин хормуудыг шүүрч аваад зарим нь дотроо үүрд хадгалж, нэг хэсэг нь уран бүтээлээрээ дамжуулан гадагшлуулдаг байх. Түүнээс “Яг энэ нь миний сэтгэлийг хөглөдөг” гээд онцолчихмоор зүйл алга. Цас будрах, нар ээх, навчис сэрчигнэхийн аль, аль нь сайхан шүү дээ. Сүүлийн үед зурж байгаа номтойгоо холбогдуулан 40 юм уу 50-иад онд баригдсан хуучны барилга, тэдгээрийн хийц маяг, архитектурыг судлах зорилготойгоор гэрээсээ ажил хүртэл алхахдаа анзаарч, зургийг нь дарах ажилтай болоод байгаа. Нэг талаар судалгааны зориулалтаар гэх юм уу даа.


-Та бол хүүхдийн номын зураач. Хүүхэдтэйгээ хамт төлөвлөгөө гаргаж хотын түүхэн дурсгалт газруудаар явж үзсэн үү?


-“Энэ бол Улаанбаатар” гэж зурагт ном бий. Тус номд гардаг газруудаар охинтойгоо хамт төлөвлөгөө гаргаад явж байсан. Эхний удаад Зайсан гарч, дараа нь Сүхбаатарын талбай орох, “Үндэсний түүхийн музей” үзэх зэргээр хамтдаа бяцхан аялал хийсэн. Охин маань ч сонирхсон зүйлсээ асууж, би оновчтойгоор тайлбарлаж өгөхийг хичээж байсан. Хамтдаа юм үзэж, илүү олон цагийг харилцаатай өнгөрүүлэхэд хүүхэд дуртай байдаг. Тэгээд ч эх орныхоо нийслэлд хийсэн бидний бяцхан аялал хожим охинд маань илүү нандин, дулаахан дурсамж болж үлдэх болов уу.


-“Жангар” редакциас “Эртний уран зохиол” төслийг хэрэгжүүлж “Монголын нууц товчоон”, “1001 шөнийн үлгэр”, “Гэсэр” зэрэг хүүхдийн зурагт номуудыг гаргасан. “Гэсэр” номын зураачаар ажиллах шаардлагатай анх хэрхэн тулгарсан бэ?


-Улс үндэстэн болгон өөрсдийн гэсэн баатарлаг туульстай байдаггүй. Дэлхийн хэмжээнд аваад үзэхэд ч тэр хэдхэн сод бүтээл яригддаг. Харин бидэнд “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн Хан Харангуй” гээд л олон сайхан баатарлаг туульс бий. Эдгээрийг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж үлдээх шаардлага бидний өмнө тулгарчихаад байгаа. Тиймдээ ч орчин үеийн уншигч хүүхдүүдэд хүртээмжтэй байдлаар хүргэхийн тулд шинэчлэсэн хувилбарыг нь гаргасан.


Анх “Гэсэр”-ийн хүүхдэд зориулсан хувилбарын зохиолыг уншиж дууссаны хойно зургийн санааг боловсруулахад ихээхэн төвөгтэй байсан. Учир туульс дээр гарах мангас, баатруудын дүрийг хүүхдэд зориулсан хувилбараар дүрсэлсэн зургууд манайд огт байгаагүй. Яахав зохиолын чимэглэл маягаар урласан цөөхөн хэдэн зураг л үлдсэн байдаг. Тодорхой нарийн дүрсэлсэн зураг, чимэглэл байхгүй учраас эхлээд их хүндрэлтэй санагдаж байлаа.




-Урд хөршид бас нэлээдгүй хувилбарууд гарсан байдаг болов уу?


-Тийм. Гэсэрийн хувьд бурханы зургийн аргаар Хятад болоод Өвөрмонголд ч нэлээдгүй ном хэвлээд гаргачихсан нь бий. Гэхдээ хүүхэд бүхэн шашны хийдэд шавилж суугаа ламтай адилгүй болохоор тийм зургууд орчин үеийн хүүхдэд нэг л ойлгомжтой бус санагдана.


-Заавал урьд нь уран зурагт бүтээчихсэн дүрүүдийг үзэж түүнээс сэдэл авна гэж үгүй биз дээ?


-Тэгэлгүй яахав. Гол нь эртний зохиол гэдэг утгаараа шүү дээ. Жишээ нь Одиссэй дээр гардаг домгийн амьтад, баатруудыг хөшөө баримал, уран зурагт хэдэн зуун янзаар дүрсэлж бүтээсэн байдаг. Грекийн домгийн бүх дүрүүд соён гэгээрлийн зууны үе шат болгонд хэлбэр нь өөрчлөгдөхөөс бус агуулга нь хэвээрээ оршсоор л ирсэн. Учир нь тухайн үеийн нөхцөл байдалд зориулан шинээр боловсруулж, олон янзаар зурж, хэвлэн нийтэлсээр байсан юм. Гэтэл манайд энэ төрлийн ажил огт хийгдээгүй. Нэг ёсондоо бид оргүй хоосноос эхэлж байна гэсэн үг.


-Туулийн зохиолыг хүүхдэд сонирхолтой байдлаар хүргэхийн тулд зургууд дээр нь хэрхэн ажилласан бэ?


-“Гэсэр” тууль бол тухайн цаг үеийн шашны ойлголт, тэдгээрийн бэлгэдэл зүй маш ихээр шингэсэн бүтээл. Нөгөөтээгүүр үймээн самуунтай дэлхийд Гэсэр хаан энх тайвныг тогтоож буй тухай өгүүлнэ. Тиймээс уншигчдад сонирхолтой болгохын үүднээс бүлэг бүрийг нэг цогц өнгөөр зааглаж, ялгасан байгаа. Мөн тухайн орон, үндэстэн ястны онцлогийг харуулсан чимэглэлүүдийг зохиолд гарах дүрүүдийн хувцас, эдлэл хэрэгсэлд шингээж өгсөн. Жишээ нь “Хамгийн эзэн Гэсэр Мэргэн хаан хятадын Гонма хааны төрийг зассан” хэмээх бүлгийн зургуудад улаан, шар өнгө голчилно. Хамгийн гол нь ийнхүү өнгө тус бүрээр ялгах ч гэлээ бусад бүлгүүдтэй нягт холбогдох бөгөөд номын үйл явдал, агуулгаас огтхон ч зөрж, халихгүй. Энэ л хамгийн гол онцлог нь болов уу. Тэгээд ч ер нь бүх юмыг хэтэрхий гоёчилж, төгс харагдуулах хэлбэрийг бодож урлах нь их зохисгүй байдаг.


-Яагаад тэр вэ?


-Бүх юмыг хэтэрхий сайхан дүрслэх нь асар учир дутагдалтай. Ялангуяа хүүхдийн сэтгэхүй, насны онцлог гээд олон талаас нь судалж, таньж мэдсэний үндсэн дээр зургийнхаа санааг боловсруулдаг. Түүнээс гадна зураачид өөрт нь л сайхан санагдсан зургийг номд оруулаад хэвлэчихэж болохгүй. Тэгвэл өөрийн бодлыг хүүхдэд хүчээр тулгасантай адилхан болно.


-“Гэсэр” бол монголын цөөхөн хэдэн туулийн нэг. Уг туулийн хүүхдүүдэд хүргэхийн ач холбогдол нь юу вэ?  


-Өдгөө нийгмийн шаардлагын дагуу өдөр тутмын хэрэгцээнд олон шинэ зүйлс нэвтрэх болсонтой холбоотойгоор хүүхдүүд эртний сонгодог зохиолуудаас ихээхэн хөндийрөх болсон. Гэтэл монголын эртний уран зохиолуудад өв уламжлал, оюун сэтгэлгээний олон чухал хэрэгцээт зүйлс хадгалагдсан байдаг. Тиймээс орчин үеийн хүүхдийн сэтгэхүйд тохирсон хэл найруулга, зураг дүрслэлтэйгээр хэвлэн нийтэлж, уншигчдад хүргэх зайлшгүй шаардлага бий болсон хэрэг л дээ.


Бид цаг үргэлж л өв соёл гэж ярьдаг боловч түүнийгээ өвлүүлж үлдээх, түгээн дэлгэрүүлэх тал дээр дорвитой ажил хийдэггүй. Өв соёлыг хэнд ч үзүүлэхгүй өөртөө хав дардаг юм биш. Уншиж, өдөр тутмын хэрэгцээнд оруулж байж хойч үедээ өвлүүлнэ, хадгалж үлдэнэ. Түүнээс “Гэсэр” туулийн ховор номын цуглуулга дунд хавчуулаад орхичихвол, түүнийг хэн ч сөхөж харахгүй бол хэдэн арван жилийн дараа ийм зохиол огт байгаагүй юм шиг мартагдана шүү дээ. Мартагдана, юмс дурсамжаас арчигдана гэдэг ямар ч ул мөргүй алга болохыг хэлнэ. Тиймээс ямар нэгэн хэлбэрээр задалж, уншигчдын нас сэтгэхүй, оюуны чадамж зэрэгт тохируулан аль болох олон цуврал ном болгож, нийтэд хүртээмжтэй байдлаар нь хэрэглэх ёстой гэж боддог.


-“Гэсэр”-ийг яагаад нэн түрүүнд сонгож хэвлэх шаардлагатай болсон бэ?


-“Монголын нууц товчоо”, “Жангар”, “Гэсэр” зэрэг нь манай орны эртний уран зохиолын гурван том оргил. Манай редакцийн зүгээс “Монголын нууц товчоо”, “Жангар” зохиолуудыг хэвлээд гаргачихсан болохоор энэ удаагийн сонголт “Гэсэр” байсан. Цаашилбал дэлхийн зарим улс орнууд соёлын өвийг маань биднээс түрүүлээд “Юнеско”-д бүртгүүлчих тохиолдол ч гардаг шүү дээ. Тиймээс л энэ бол монголчуудын бүтээл юм шүү гэдгийг тамгалж үлдээх зорилготой юм. “Гэсэр” бол сүүлийн 700 – гаад жилийн турш хайлагдаж, яригдаж ирсэн бүтээл. Харин сүүлийн 30 –аас 40 жилд л огт байгаагүй юм шиг мартаж орхисон. Гол учир иймээс бид хүүхэд залуучуудад эргэн таниулах, мэдүүлэх шаардлагатай болсон.




-Нэгэнтээ хэвлэгдчихсэн л бол тухайн бүтээлийг шүүх эрх уншигчдад бий болдог. Гэвч аливаа уран бүтээлчид бусдад хүргэх гэсэн гол санааг нь уншигчид хэрхэн хүртэж буй нь сонирхолтой санагддаг болов уу. Тийм гол санаа, номын зургийн онцлог нь юу вэ?  


-Хүн ер нь өөрийгөө тодорхойлно гэдэг жаахан бэрхшээлтэй. Гэвч муухан зургуудаа цаас үрж хэвлэхгүй гэдгээ бас мэднэ. Тиймээс ч өмнө хийгдэж байсан үлгэрийн номын зургуудаас арай шинэлэг болсон байх. Уншигч хүүхдүүд л зургийн агуулга, хэлбэр, гол санааг нь илүү нарийн, шудрагаар тайлбарлаж чадах болов уу даа.


Ямартаа ч аливаа нэг зургийг харж, бичвэртээ нь уялдуулж уншихад сонирхол төрөхүйц, цаашлаад хийсвэрлэн төлөөсөх сэдлийг өгөх зэргийг бодолцож зургуудаа зурсан. Тэгэхгүй бол цахим эрин хүчээ авсан энэ үед зурагтаар гарч буй олон төрлийн хүүхдийн “контент”-уудад ялагдчихна шүү дээ. Уйтгартай зурагтай, бичвэртээ ном байвал хүүхэд түүнийг уншаад суухгүй, зурагт харах, утас шүүрэхээ л бодно. Гэтэл огт сонирхол үл төрөхүйц, агуулга гэх зүйлгүй ном бүтээчихээд хүүхдэд шууд тулгаж болохгүй.


Харин зургийн онцлог шинжийн хувьд хоёр хэмжээст монгол зургийн аргыг орчин үеийн хүүхдийн номын зургийн хэв маягтай хослуулсан. Яг одоо дэлхий нийтийн хүүхдийн номд бий болж буй зургийн чиг хандлага “Гэсэр”-ийн зургуудад их бага хэмжээгээр шингэсэн гэж бодож байгаа.  


-“Гэсэр”-ийн хүүхдэд зориулсан хувилбар уншигчдад хүрснээс хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтанд ч мөн багтсан. Тэдний зүгээс зургийн хувьд сэтгэгдлээ хэрхэн илэрхийл байсан бэ?


-“Жангар” редакцын зураачид өнгөрсөн гурван сарын эхээр “Том асуулт” нэртэй хүүхдийн номын үзэсгэлэн зохион байгуулж 21 хоногийн турш үзэгчдэд хүргэсэн. Бид зургуудаа гайхуулах гэж чамин гоёмсог жаазанд суулгаад гял цал болсон галлерейн хананд тавиагүй. Уншигч, үзэгчдэд илүүтэй хүргэх гэж, тэдний сэтгэгдлийг сонсох үүднээс “Интерном” болон “4450 кафе”-тай хамтарч бүтээлүүдээ гаргасан. Тэр үед уншигчид монгол ардын үлгэрүүд болон, “Гэсэр” номын зургуудыг “Ямар шинэ төрөл вэ” гэдэг утгаар нь хүлээн авч, баяр хүргэж байсан. Мэдээж урмын сайхан үгээр мялааж байвал баярлалгүй яахав. Гэхдээ хүмүүсийн сайхан үгс, сэтгэгдлээс илүү уг номоос тэдний юуг ойлгож, хүртэж байна вэ гэдэг нь чухал санагддаг.


-ДӨРВӨН УЛИРАЛ ДОТОРХ 18 ТҮҮХ-





-Хотын түүхийг дөрвөн улиралаар харуулсан “Хайлтын ном”-ын тань зургууд цахим сүлжээнд нэлээдгүй түгсэн байдаг. Манайд ийм төрлийн ном ховор байх шүү...


-Тийм. Ерөөсөө манайд байдаггүй номын нэг төрөл бол “Хайлтын ном”. Өмнө энэ чиглэлийн ном гарч байгаагүй. Гэхдээ бидний огт мэддэггүй зүйл биш л дээ. Жишээ нь Б.Шаравын “Монголын нэг өдөр” гээд зураг байдаг. Энэ бол үндсэндээ хайлтын ном байхгүй юу. Гэвч бид яг ном болгон хэвлэж байсангүй. Харин гадны орнуудад энэ чиглэлийн бүтээлүүд ихээхэн түгээмэл байдаг.


-Бага насны хүүхдэд энэ төрлийн номыг уншиж ярилцахад хамгийн тохиромжтой байдаг уу?


-“Мэддэгт мэргэн цоохор, Мэддэггүйд эрээн цоохор” гэж оньсого бий. Монголчууд номыг ийнхүү томьёолчихсон байдаг. Бичиг үсэг сураагүй хоёрхон настай хүүхдэд ном бол дөнгөж сая хэлсэн оньсого шиг эрээн цоохор зүйл байж таарна. Гэтэл хайлтын ном гэдэг маань бага насны хүүхдэд өөрийнх нь үсэг бичиг, хэл яриагаар бүтээж өгсөн туурвил юм.


-Ихэнх номд хөдөө талын дүрслэл, уламжлалт зан заншил, соёлыг тодруулан гаргасан байдаг. Харин уг бүтээл хотын аж байдлыг илүүтэй дүрслэн гаргажээ. Энэ талаар ярихгүй юу?


-Хотын аж байдлаас гадна хотод амьдардаг амьтдыг нарийн дүрслэж харуулсан байгаа. Шаазгай, тагтаа, муур, бор шувуу гээд л... Учир нь том хүмүүс эдгээр амьтныг нэг их анзаардаггүй ч хүүхдүүд байнга харж, ажигладаг юм билээ. Манай хүүхэд лав цонхны тагтан дээр тагтаа ирж суухад бөөн баяр болдог. Хооллоно, үргээчихгүйг хичээж сэмээрхэн ажиглаж суудаг.




-Уг номыг бүтээхдээ зурагт дүрслэгдсэн газруудаар өөрийн биеэр явж судалгаа хийсэн үү?


-“Хайлтын ном”-д Нисэхээс Багшийн дээд хүртэлх газрууд бий. Мэдээж бүгдийг нь багтаах аргагүй болохоор гол гэсэн обектуудыг сонгож, заримыг нь зохиолтойгоо уялдуулж зурсан. Заримд нь өөрийн биеэр очиж, зарим газрын үүх түүхийг уншиж байж номын зургуудыг бүтээсэн.


-Тэгэхээр огт бичвэргүй ч гэсэн зохиолтой байх нь, тийм үү?


-Тэгэлгүй яахав. Аливаа номыг ямар нэгэн агуулга, утга санаагүйгээр шуудхан зураад л орхичихож болохгүй санагддаг. Уг номын зохиолыг “Жангар” редакцын зураач Б.Төрмөнх бичсэн. Тиймдээ ч уг хайлтын номд шүлэг, үлгэр зэргээс гадна бүх төрлийн агуулга тодорхой хэмжээгээр багтсан байгаа. 18 хүний амьдралын түүх номын эхний хуудаснаас эхлэн хавар, намар, зун, өвлийн туршид гарч, сүүлийн хуудас хүртэл зэрэгцээ шугамд өгүүлэгдэнэ. Иймээс дөрвөн улирал доторх 18 түүх ганцхан ширхэг хайлтын номд багтжээ гэж ойлгоход буруудах байхгүй. Үүгээрээ их онцлогтой юм шүү.  


-НОМ УНШИЖ, ЗУРАГ ЗУРСНЫХАА ТӨЛӨӨ ЦАЛИН АВНА ГЭДЭГ ХАМГИЙН САЙХАН АЖИЛ-




-Яагаад хүүхдийн номын зураг зурахаар болсон бэ?


-Анх тавилгын компанид ажилдаг байлаа. Шинэ содон тавилгын зураг гаргах гээд ер нь бол интерьер дизайн гэсэн үг. Гэтэл охин минь төрснөөс хойш ажилдаа хандах хандлага өөрчлөгдсөн. Дээрээс нь айлын эзэгтэй нарын гомдол, санал тасралтгүй ирэхээс авахуулаад утас шөнийн цагаар ч байнга хангинах болсон. Тэгээд л ажлаа солихоор шийдсэн юм. Хамгийн гол нь ч бас энэ биш л дээ.


-Тэр нь юу байсан юм бол оо?


-Би бодсон л доо. Охин маань том болоход найз нөхөд нь “Танай аав юу хийдэг вэ” гэхэд “Тавилгын компанид ажилладаг, айлд тавилга угсарч өгдөг хүн” гээд хариулна гэж санахаар жаахан таагүй сэтгэгдэл төрөөд байсан юм. Яахав хүн ажлыг голдоггүй гэдэг, ямар ч мэргэжилтэй, ажилтай байж болно. Гэхдээ би чинь охиныхоо баатар, эцэг хүн шүү дээ. Охиныхоо дуртай номын зургийг аав нь зурсан гээд бодохоор гоё биз дээ. Тэгээд л зурах болсон доо. Одоо хүүхдийн номын зураг зураад долоон жил болж байна.


-Анхны ном тань ямар ном байсан бэ?


-Зохиолч Анна Сьюэллийн “Хилэн хар” гэдэг зохиолын зургийг зурсан. Уг номыг, зохиолоос сэдэвлэсэн хүүхэлдэйн киног нь ч уншигчид андахгүй мэдэх байх.




-Ер нь хүүхдийн зохиол, хүүхдийн номын зураг харагддаг, уншигддаг шигээ хялбархан биш гэж уран бүтээлчид ярьдаг. Танд ч мөн бэрхшээл тулгарсан болов уу?  


-Өө, тэгэлгүй яахав. Анх маш хэцүү байсан. Зохиолоо уншчихаад үйл явдлыг нь хөөж зурах уу, гол хэсгүүдийг нь сонгож авах уу гээд л ойлгомжгүй зүйлс их гарч байсан. Бүр шантарч гүйцээд больдог ч юм уу гэсэн бодол төрж л байлаа. Гэхдээ зурсаар байгаад л сайжирсан даа. Нэг юмыг тууштай хийж бүтээнэ, түүнтэй цаг ямагт суралцах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг ойлгосон. Ер нь тэгээд ном уншиж, зурсныхаа төлөө цалин авна гэдэг бол хамгийн сайхан ажил шүү дээ.


-Шантрах үедээ өөрийгөө хэрхэн сэдэлжүүлж, урам зориг авдаг вэ?


-Сайхан ном уншина даа. Уран зохиол номууд түлхүү барьж авдаг. Уншиж дууссаны дараа би байсан бол хавтсыг нь ийм байдлаар, доторхыг нь тийм өнгөөр зурна гэж төсөөлөхөд гоё байдаг.  


-“Нар Сар Рах” номын зургууд бас их өвөрмөц санагддаг л даа. Рах бол муу зүгийн амьтнаар төсөөлөгддөг. Гэвч таны дүрсэлсэн Рах их өхөөрдөм, эерэг мангас шиг мэдрэмж төрүүлээд байсан...


-Хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг матар мангас байгаа биз дээ. /инээв/ Анх нэг өөрийнхөөрөө дүр зургийг нь гаргачихаад охиндоо харуултал нэг их тоогоогүй. Тэгээд ч охин маань үлгэрт гардаг мангасуудад тийм ч дуртай биш л дээ. Тэгээд дахин зураад үзүүлтэл “Энэ чинь ёстой хөөрхөн, инээдтэй мангас байна шүү дээ” гэсэн. Хүүхэд ер нь их шудрага, хамгийн сайн зөвлөгч, шүүмжлэгч болж өгдөг дөө. Тиймээс хүүхдээсээ үргэлж л дэмжлэг авна шүү дээ. Мөн миний хань ч бас хамгийн сайн туслагч болж өгдөг.


-Хүүхдийн зураачид хамгийн хэрэгтэй зүйл юу вэ?


-Хүүхдүүдтэй сайн ярилцах нь чухал. Учир нь хүүхдийн номын зургийг зөвхөн нь өөрт нь таалагдаж байгаагаар зураад байж болдоггүй.  


-Санаа нь хамгийн хурдан боловсорч, онгодоор хөглөгдөж зурсан бүтээл бий юу?


-Зохиолч Д.Мөнхжингийн “Ихэр хаад” гэж хүүхдийн номын зураг бий. Өнгөрсөн онд Монсудар хэвлэлийн газраас хүүхдэд зориулсан бүтээлийн уралдааныг зарласан юм. Түүнд шалгарсан зохиолын нэг нь уг бүтээл байсан. Зохиолоо уншиж үзээд “эскиз”-ээ ч хурдан гаргачихсан. Тэгээд л нэг мэдэхэд зургуудаа зурчихсэн, бэлэн болгочихсон байсан даа.


-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?


-“Тэмээ буга хоёр” гээд монгол ардын домог үлгэр байдаг даа. Тэмээ яг л бугынх нь шиг арван хоёр салаа эвэртэй байсан тухай өгүүлдэг. Уг номын зураг дээр ажиллаж байгаа. Мөн Ардын жүжигчин, уртын дуучин Н.Норовбанзадын тухай өгүүлэх номын зургийн ажил руу орчихсон, судалгаагаа хийгээд явж байгаа.  


-Хүүхдийн номын зургаас гадна Хомэрийн алдарт туульс “Одиссэй” номын зургуудыг зурсан. Уг туульс бүрэн эхээрээ монгол хэлэнд орчуулагдах үед номын зургуудыг нь бүтээнэ гэдэг бас л хүн бүхэнд ирэхгүй хувь тохиол болов уу?


-Үнэн шүү. Уг номын монгол дахь анхны бүрэн хэвлэлийн зургууд дээр ажилласандаа баяртай байгаа. Би уг туулийг өмнө уншиж байгаагүй. Гэтэл анх Д.Цахилгаан гуайн орчуулгыг уншаад үнэхээр биширсэн. Яг л монгол туульс уншиж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Ер нь шинэ номын зургийн ажил авах гоё байдаг. Учир нь орчуулагчаас шууд л зураач руу ирдэг. Тиймээс анхны уншигчдын нэг болно гэсэн үг. Зургийн хувьд бол эртний Грекийн ваарны зургуудаас сэдэл авч, туульсийн хайлаан болгоны гол үйл явдлыг нэг дэвсгэрт багтаан өгүүлэхийг зорьж бүтээсэн дээ. 


Гэрэл зургийг | Г.Чинзориг
Өнгө, эвлүүлэг | Ч.Од

Холбоотой мэдээ