Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-29 14:13:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Таван жилд нэг удаа болдог аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг ирэх сард зохион байгуулах талаар аймгийн статистикийн хэлтсээс мэдээлэв. Тодруулбал 11 дүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү тооллогыг цахимаар буюу toollogo.1212.mn хуудсаар бүртгэн явуулахаар бэлтгэл ажлыг хийж байгаа аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллагыг хамруулах юм байна. Үүнээс гадна хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг мөн хамруулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн тооллогын гол зорилго нь дээрх байгууллагуудыг бүртгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь тодорхойлох, төрийн байгууллагуудын мэдээллийн сантай уялдуулж бизнес, инновац, судалгаа, хөгжүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллээр бодлого боловсруулагчдыг хангаж, нотолгоонд суурилсан шийдвэр гарах боломжийг бүрдүүлнэ гэдгээрээ ач холбогдолтой.

Энэ хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтыг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, бизнесийн сэдэвчилсэн тайланг боловсруулж, нийтэд түгээх, үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн томоохон түүвэр судалгааны түүврийн хүрээг бэлтгэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажээ.

Тооллогод хамрагдах нь ААН, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд статистикийн хуульд заасан үүрэг бөгөөд харгалзах салбарын болон засаг захиргааны нэгжийн түвшинд нэгтгэсэн мэдээлэлтэй болж, түүнийгээ шийдвэр гаргалт, бодлого төлөвлөгөөнд ашиглах боломж бүрдүүлнэ гэдгээрээ чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байна.

Холбоотой мэдээ