11-р сарын 10 хүртэл иргэд ойгоос түлшний мод бэлтгэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 14:04:09

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын иргэд Алтанбулаг, Хүдэр, Түшиг сумдын газар нутгаас түлшнийхээ модыг бэлтгэдэг. Энэ жилийн хувьд ч мөн эдгээр сумдтай гэрээ хийн түлшнийхээ модыг бэлтгэх ба ойн тухай хуулиар ой 11-р сарын 10-нд нээгдэж иргэд түлээ түлшээ бэлтгэж болох юм байна.

Сүхбаатар сумын хэмжээнд 5995 өрх байдгаас төвлөрсөн шугам сүлжээтэй 1625, гэр хороололд буюу галлагаатай байранд амьдардаг 4370 өрх байдаг. Галлагаатай байранд амьдардаг нэг өрх өвөлдөө дунджаар 8 м3 мод түлшиндээ хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг юм. Эндээс харахад сумын хэмжээнд өвөлдөө 31 мянган метр куб мод хэрэглэдэг гэсэн тооцоо гарч байгаа аж. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан галлагаатай байранд амьдардаг эдгээр айл өрхүүд түлээ түлшээ хаанаас бэлтгэх, хаанаас худалдан авах вэ гэх зэрэг асуудлууд тулгардаг. Сүхбаатар сум нь өөрөө ойн нөөцгүй тул сумынхаа иргэдийн түлээний модны хэрэгцээг хангахын тулд Алтанбулаг, Хүдэр, Түшиг сумдын газар нутгаас түлшнийхээ модыг бэлтгэсээр иржээ. Энэ жилийн хувьд ч мөн адил дээрх сумдаас түлшний модоо бэлтгэх юм байна. Энэ асуудлаар Сүхбаатар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Эрдэнэбилэг:”Ойн тухай хуулинд 6 дугаар сарын 10-наас  эхлэн 9-р сарын 20-н хүртэл ой нээдэг байсан. Энэ жилийн хувьд бороо хур багатай, хуурайшилт ихтэй байснаас ой хээрийн түймэр их гарсан. Иймээс 8-р сарын 20-ноос 9-р сарын 20-н хүртэл нэг сарын хугацаанд ой нээлттэй байлаа. Энэ хугацаанд Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын 80 орчим иргэн 240м3 түлшний мод бэлтгэсэн байна. Одоогийн байдлаар ой хаалттай байгаа болохоор ойгоос түлшний мод бэлтгэх боломжгүй байгаа. Тиймээс ой нээлттэй байх хугацаанд түлшний модоо бэлтгэж чадаагүй иргэд худалдааны мод хэрэглэх болж байна. Ойн тухай хуулиар 11-р дүгээр сарын 10-наас эхлэн ой нээгдэх юм” хэмээн ярилаа.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд