Шүгэл үлээгчийг 1.5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-03 13:39:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.


Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэж, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн. Энэ дагуу нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг хамгаалах, түүнийг дэмжих, урамшуулах харилцааг дээрх хуулиар зохицуулна гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тодотгов.


Тэрбээр, “Гэмт хэрэг, зөрчлийн талаар хууль, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч буй хүнийг шүгэл үлээгч гэж нэрлэх үү гэдэг асуулт бий. Монгол Улсын иргэн бүр гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хуулийн байгууллагад өгөх үүрэгтэй. Харин нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авлигын хэргийн тухай мэдээллийг бичгээр болон цахимаар гаргасан хүнийг шүгэл үлээгч гэнэ. Мөн нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж буй асуудлыг мэдээлэх, шударга бус өрсөлдөөнийг мэдээлэх асуудлыг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах юм” гэлээ.


Хуульд шүгэл үлээх хэлбэр, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, түүний нууцыг хадгалах, шүгэл үлээгчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг тусгасан байна. Мөн нийтийн ашиг сонирхлын тухай мэдээллийг шалгаж, тогтоогоод шүгэл үлээгчийг 100 саяас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулахаар хуулийн төсөлд тусгаж байгаа аж. Энэ нь авлигатай тэмцэх Засгийн газрын тэмцэл гэдгийг ХЗДХ-ийн сайд онцолсон юм.


Мөн тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд оноож буй ялыг чангатгах талаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын баг ажиллаж байгааг дурдлаа.


Ташрамд дурдахад, нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлын эсрэг үйлдлийн тухай мэдээлэл тараахыг улс төрийн нэр томьёонд "Шүгэл үлээх" гэдэг. 

Холбоотой мэдээ