Г.Төмөрбаяр: Миний зохион бүтээсэн зуух санхүүд хэмнэлттэй, байгальд ээлтэй бүтээл болж чадсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүйтний улирал, эхэлж гэр хорооллын айл өрхийн яндан бүрээс олгойдох утаа саарал хөшиг татуулж байна. Энэ үед мод, нүүрсний худалдаа эрэлт их байгаа бол түлш бага хэрэглэдэг, утаагүй зуухны эрэлт ч нэмэгджээ. “Иргэд байгальд ээлтэй, санхүүд хэмнэлттэй бүтээгдэхүүнийг эрж хайж, олж хэрэглэх нь нэмэгдэж байна. Энэ ч утгаар манай бүтээгдэхүүн эрэлт өндөртэй байгаа” хэмээн ярих хүн бол Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн иргэн Гүүсүү овогтой Төмөрбаяр. Тэрээр мод хэрэглэхгүй галаа асааж, хувин нүүрсээр 15 цаг дулаанаа барьдаг, утаагүй зуухыг зохион бүтээсэн нэгэн юм. Их ажлынх нь хажуугаар цөөн хором хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэе.
-Бүтээлээ хэрхэн яаж хийж эхэлсэн талаар яриагаа эхэлье?
-Манай аймагт мод их үнэтэй. Түлшээ хэмнэж бага хэрэглэлээ гэхэд л дөрвөн ам бүлтэй нэг айл хоёр портер нүүрс, нэг портер мод худалдан авч нэг өвлийг давдаг. Энэ нь санхүүд үнэхээр хүндрэлтэй байдаг. Тэгээд анх аль болох өртөг багатайгаар дулаан байх аргыг бодож эхэлсэн. Мөн утаа, агаарын бохирдол ихтэй байгаа нь хүн бүхний санааг зовоож буй асуудал байна. Тэгээд утаа тортог багатай, түлш бага зарцуулдаг, байгальд ээлтэй зуухыг жил гаруйн хугацаанд бодож судалж явсны үндсэн дээр 2020 оны 10 дугаар сард анхны зуухаа хийж туршиж үзсэн. Туршилтын зуухаа дахин сайжруулсаар мод огт хэрэглэдэггүй байгальд ээлтэй, нүүрс бага хэрэглэдэг санхүүд хэмнэлттэй, утаа тортог багатай зуухыг бий болгож чадлаа. Бүтээл маань оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан.
-Борлуулалтыг ямар сувгаар хийдэг вэ? Эрэлт хэрэгцээ хэр байна?
-Олон давуу талтай байгаа тул зах зээлийн эрэлт ихтэй байгаа. Сумын удирдлагууд бодитоор танилцаж үнэлээд явсан. Хэрэглэсэн хүмүүсийн амнаас ам дамжин борлуулалт хийж байна даа.
-Ижил төрлийн бизнес хийж байгаа өрсөлдөгч хэр олон байдаг вэ? Ялгарах онцлог?
-Манай аймагт одоогоор ийм зуух хийдэг хүн байхгүй. Төслийн зуухууд бол зарагддаг байх. Ялгарах онцлог бол байгаль орчинд ээлтэй, санхүүд тун хэмнэлттэй. Мод ашиглахгүй, утаа бага гардаг, бага нүүрсээр бүрэн шаталттай, дулаанаа удаан барьдгаараа онцлог. 3-5 минутад бүрэн асдаг, сардаа хоёр газаар галаа асаана. Хувин нүүрсээр 12-15 цаг дулаанаа барьдаг, эхний хоёр цаг шингэн цагаан утаа гардаг, нүүрсээ бүрэн шатаад ирэхээр утаагүй болдгоороо давуу талтай. Өвөлдөө нэг портер нүүрсээр өвөлжинө. Дээр нь тогоо тавьж болдог. Маш зузаан төмөртэй учир эдэлгээ удаан зэрэг олон давуу талтай.
-Хэчнээн ажлын байрыг бий болгосон бэ?
-Одоогийн байдлаар зургаан хүнийг ажлын байраар хангаж, цалинжуулж байна.
-Цаашид үйл ажиллагаа өргөжүүлж хөгжүүлэх ямар төлөвлөгөө байгаа бол?
-Цаашид ажилтны тоогоо нэмэгдүүлж, тохилог ажлын байртай болоод гэрийн хэрэглээний, байрны ханын, нам даралтын зуух гэсэн байдлаар нэр төрлийг нь олон болгон зуухаа хийх төлөвлөгөөтэй байна.
-Үйл ажиллагаагаа өргөтгөхөд ямар саад бэрхшээл байна вэ?
-Үйл ажиллагаагаа өргөтгөж ажлын байртай болох л санхүүгийн хувьд бага зэргийн хүндрэлтэй байна. Мөн цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад түүхий эд, төмрийн олдоц их муу, өндөр үнээр нэлээн эрж хайж олж авч байна.
-Өөр аймаг, сум, Улаанбаатар хотоос худалдан авалт хэр хийж байна?
-Манай аймгаас гадна Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Говь-Алтайгаас захиалгууд ирж байгаа.
-Хэрэглэгчдээс ямар магтаал сайшаал, санал гомдол ирж байна вэ?
-Хэрэглэж үзсэн хүмүүс үнэхээр түлш бага зарцуулж байна, хурдан асаж дулаанаа сайн барьж байна. Одоо ээждээ авах гэсэн юм, ахындаа авч өгөх гэсэн юм гэх зэрэг урам өгсөн сэтгэгдлүүд голчилдог.
-Утааг бууруулах, арилгах хамгийн оновчтой шийдлийг юу гэж боддог вэ?
-Хугацааны хувьд бүх нийтийг даруй орон сууцжуулах боломжгүй нь ойлгомжтой тул гэр хорооллын утаа бага гаргадаг, дулаанаа удаан барьдаг зуух, пийшин хийх нь байгаль дэлхийдээ ээлтэй юм даа.
-Цаашдын зорилго?
-Цаашдаа айл өрхийн санхүүд хэмнэлттэй, байгаль дэлхийдээ ээлтэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй хэрэглээний олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг зорьж, зүтгэж явна. Үйлдвэрлэлээ өргөжүүлж түүхий эд, дагалдах материалаа ч хийдэг болчихвол Монгол Улсын өнцөг булан бүрд хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.



