ГЭМ ЗЭМ БА ШИНЭ ТЕАТР
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/.
Саяхан “Central” телевизийн “Гарчиг” нэвтрүүлгийн “Алгасаж болохгүй” дугаарт зохиолч Г.Аюурзана, орчуулагч Ц.Гомбосүрэн нар Оросын их зохиолч Ф.М.Достоевскийн “Карамазовын хөвүүд” романы тухай ярилцсан билээ. Нэвтрүүлгийн эхлэлд Г.Аюурзана Америкийн зохиолч У.Фолкнер тус романыг уншихдаа дурын хуудсыг сөхөөд эхлүүлчихдэг, тэгснээ номоо хаачихна. Дараагаар зав чөлөөндөө дахин нэг дурын хуудсыг сөхөх маягаар хэдэн зуун удаа уншсан тухай жишээг хүүрнэдэг. Энэ нь яг л ганц хүний жүжгийн үйл явдал шиг төсөөлөгдөж байв. Ер нь Ф.М.Достоевскийн “Карамазовын хөвүүд”, “Гэм зэм”, “Маанаг” зэрэг романуудын үр нөлөөгүйгээр XX зууны хүүрнэл зохиолын дээд түвшний чиглэл, өнөөдрийн утга зохиолын сэтгэлгээний аливаа ололт, амжилтын тухай ярих боломжгүй билээ. Мөн Ц.Гомбосүрэн орчуулагчийн хэлсэнчлэн “Хорвоогийн уншигчдыг Достоевскийг уншсан, уншаагүй гэж хоёр хэсэгт хуваана хэмээн та нөхдийн нэг нь хэлсэн байх” хэмээсэн нь зүгээр ч нэг наргиан, ёжлол төдийхнөөр хүлээж аваад өнгөрүүлчих үг биш болов уу. Ийнхүү эл алдарт зохиолчийн бүтээлүүдийг социализмын өмнөх үеүдэд хэн орчуулж, олон нийт өөрсдийн эх хэлээр хэзээ, хэрхэн Ф.М.Достоевскийтой учрах нь тодорхойгүй явсан бол өдгөө түүний ихэнх зохиолууд уншигчдын хүртээл болжээ. Монголын ихэнх хэвлэн нийтлэгчид Ф.М.Достоевскийн номуудыг хэвлэн түгээж, шинэ орчуулга, өнгө дизайнтай дахин дахин хүргэсээр байна. Мөнхүү романых нь дүрүүд, тэдгээрийн ёс зүйн үзэл санаанууд өнөөгийн нийгэмд ч тод харагдана. Мөнхийн бүтээл гэдэг хэзээ ч хуучирдаггүй ажээ.
Тэгвэл өдгөө Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв болох “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг байгуулж нээлтийг нь Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” нэрт жүжгээр хийхээр болжээ. Сонголтын хувьд гэвэл Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгохоор шийдсэн нь энэ юм.
Өнөөдөр тус жүжгийн зохиолч, найруулагч, продюсэр, жүжигчид “Монсудар”
хэвлэлийн газартай хамтран “Гэмт хэрэг ба ял шийтгэл” роман болон “Гэм зэм”
жүжгийн нээлттэй өдөрлөг зохион байгуулав. Юун түрүүнд орчуулгын нэрийн тухайд “Монсудар”
хэвлэлийн газрын захирал Р.Энхбат “Романы гол дүр болох Раскольников гэм хийгээгүй.
Харин гэмт хэрэг хийсэн. Монголчууд хүүхдийн, өөрийн ухаангүй үйлдсэн буруу
хэргийг л “гэм” гэж нэрлэдэг. Харин Раскольников өөрийн үзэл санааны төлөө хүн
алсан учир гэмт хэрэг гэх нь зөв. Бид аливаа зүйл сонсогдох төдийд биш агуулгад
ач холбогдол өгч зохиол бүтээлээ нэрлэх ёстой” хэмээн учирлав. Харин Ф.М.Достоевскийн
оюун санааны оргил болсон таван гол романы орчуулагч Ц.Гомбосүрэн уншигчдад
хоногшиж үлдсэн “Гэм зэм” нэрийг тус романд оноож анх дуун хөрвүүлсэн билээ.
ЗОХИОЛ
Уншигчид “Гэмт хэрэг ба ял
шийтгэл” романыг хэрхэн жүжиг болгосон талаар хамгийн их сонирхож, “Орфей”
театрын хэвлэлийн хуралд тус сэдвийг хөндсөн асуулт нэлээдгүй тавьж байсан
билээ. Тэгвэл тус романы жүжгийн зохиолчоор утга зохиол судлаач, яруу найрагч
Я.Баяраа, туслах зохиолчоор Э.Бүжинлхам нар ажиллажээ. Ер нь элдэв сул үйл явдлын
өрнөлгүй, нэг ч сул дүргүй ийм нүсэр байгууламжийг задлаж, жүжгийн зохиол
болгоно гэдэг дурын хүн шуугиад орчих ажил биш нь ойлгомжтой.
Энэ талаар “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа “Алдарт зохиолч Ф.М.Достоевскийн
200 жилийн ой дахин тохиохгүй. Харин 300 жилийн ойг нь бидний ихэнх нь үзэхгүй
байх. Тиймээс найруулагч М.Батболд “Энэ бол алдаж болохгүй агшин” гэж хэлсэн.
Тэгэхлээр яалт ч үгүй алдаж болохгүй агшин мөн. Нөгөөтэйгүүр Б.Лхагвасүрэнгийн “Атга
нөж”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг туульсын жүжгүүдийг эс тооцвол ийм өргөн
хүрээг хамарсан жүжиг сүүлийн 30 жил тоглогдоогүй. Энэ хүмүүс юуны төлөө цугласан
гэхээр цаана нь Ф.М.Достоевский бий.
Харин жүжгийн зохиол болгосны хувьд бол аливаа нэг бүтээл юм уу ном төрөхөд редакц концепт,
системд ордог шүү дээ. Үүнтэй адил бид багийн ажиллагаагаар зохиолын гол үйл
явдал, үзэл санаануудыг ялгасан. Тэр дундаасаа зохиомж шийдлүүдийг мөн
түүвэрлэж гаргасан гэх мэтээр зохиол бүтэх процесс маань өөрөө олон алхамтай
байлаа. Бид үндсэн үзэл санаа, үндсэн элементүүдыг үлдээгээгүй гэж найдаж байна.
Зохиолоос юу ч үлдээгээгүй мэт драматуркаа өрөхийг хичээсэн. Томоохон
найруулагч, жүжгийн зохиолд хувиргагчдын жишээг барьж ажилласан. Зарим нэг дэд
бүлэг, гогцоо үйл явдлууд орхигдсон байх магадлал бий. Гэвч гол үндсэн үйл
явдлууд жүжгийн зохиолд орхигдоогүй гэдгийг баттай хэлж чадна” хэмээлээ.
Жүжгийн зохиол
болгоно гэснээс тус роман бичигдэх үйл явдал нь ч бас жүжиг юм уу кино шиг
адармаатай. Учир Ф.М.Достоевский “Мөрийчин”, “Гэмт хэрэг ба ял шийтгэл” зэрэг романуудыг бичих үеэр
халаасандаа сохор зоосгүй, мөрийтэй тоглоомд донтогсдын нэг, талийгч ахынхаа их
хэмжээний өрийг өөртөө өвлөж авсан нэгэн байв. Тиймээс тэрээр тухайн үеийн уран
зохиолын хамгийн том сэтгүүл болох “Оросын шууданч”-тай гэрээ байгуулсан юм.
Харин гэрээнд заагдсан хугацаа ойртсон ч Ф.М.Достоевский романаа
бичээгүй, урьдчилгаагаа аваад үрчихсэн байлаа. Ийнхүү болзолт өдөр ойртоход
дахин шоронгийн хаалга татахгүй тулд хурдан бичээч хөлслөн авсан гэдэг. Тэр нь
хожим зохиолчийн гэргий болсон Анна Григорьевна бөгөөд 19 настай байжээ. Эхлээд
“Мөрийчин”-г дуусгав. Үүний дараа “Гэмт хэрэг ба ял шийтгэл” роман ч энэ л
байдлаар бүтсэн юм.
ТЕАТР
“Гэмт хэрэг ба ял шийтгэл” роман болон “Гэм зэм” жүжгийн нээлттэй өдөрлөгт
Орфей театрын захирал, жүжгийн продюсер Т.Ариунчимэг, гавьяат жүжигчин Г.Урнаа,
Д.Ганцэцэг, жүжигчин Д.Түвшинбаяр, Х.Цасчихэр зохиолч Я.Баяраа, Э.Бүжинлхам,
туслах найруулагч Н.Энхмаа нар оролцсон юм. Тэд уншигч, үзэгчдийн сонирхсон
асуултанд хариулж, “Гэм зэм” жүжгийн тасалбараар хоёр азтанг тодруулж шагналыг
нь гардуулав.
Уг өдөрлөгийн гол зорилго нь жүжигчид, зохиолч, найруулагчидтай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романыг жүжиг үзэхээс урьтаж унших сэдлийг өгөх, шинэ боломжийг бүрдүүлэхэд оршино. Тиймээс ч жүжигчид энэ удаад ур чадвар, арга техник гэхээс илүүтэй өөрсдийн сонгогдсон дүрийн ёс зүй, зан чанар, зохиолын онцлогийн талаар санал бодлоо хуваалцсан юм.
Ийнхүү МУГЖ Г.Урнаа “Мэдээж сонгодог зохиол учраас нийгэм, хүмүүсийн
амьдралын өдөр тутмын үйл явдал бичигдсэн байдаг. Учир нь улс төр, зовлон
зүдгүүрт амьдрал, хайр дурлал зэрэг нь нийгмийн аль ч үед оршиж ирсэн. Энэ бүгд
“Гэмт хэрэг ба ял шийтгэл” романд бий. Түүний талаар найруулагч М.Батболдын “Дахин
төрсөн хүн” гэж хэлсэн үг надад их таалагдсан. Арав гаруй жилийн өмнө би
М.А.Булгаковын “Мастер Маргарита хоёр” романыг уншиж дахин төрж байлаа. Уншсан
ном маань надад соён гэгээрэх, оюун бодол, үзэл санаагаараа дахин төрөх
боломжийг олгодог. Одоо ч би “Гэм зэм” жүжигт тоглосноороо өөрийгөө дахин
шинээр төрүүлэх гэж байна” гэлээ. Үнэхээр урлаг, уран зохиол хүний оюун санааг
тэлж, амьдралд байх боломжгүй зүйлсийг мэдрэх, өөрийгөө шинээр харах боломжуудыг
нээж өгдөг учир хүн төрөлхтөн урлагтай ойр явж, театрын үүд үргэлж онгорхой
байж ирсэн биз ээ.
Харин энэ үед Гавьяат жүжигчин Г.Урнаа дараагийн удаад “Орфей” театрын хамт олон А.П.Чеховын “Цахлай” жүжгийг тайзнаа амилуулах тухай ам алдсан юм. Энэ тухайд продюсер Т.Ариунчимэгээс тодруулахад “Бидний хувьд тайзнаа тавигдаагүй олон сор бүтээлүүд бий. Мөн “Орфей” театр үргэлж Оросын сонгодог зохиолчдын бүтээлийг тайзнаа амилуулна. Тиймээс дараагийн жүжиг нь А.П.Чеховын “Цахлай” байх болно” гэв. Уг жүжиг өмнө нь Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа нэрт найруулагч асан Ч.Баатрын тавьснаар тоглогдож байсан билээ.
Жүжгийн найруулга, тайз засалтын хувьд тэд нууц хэвээр нь үлдээхийг хүссэн юм. Ямартай ч найруулагч М.Батболд хамгийн сүүлд Гётегийн "Фауст" жүжгийг хоёр дахь удаагаа үзэгчдэд хүргэхдээ гэрлийн сүлэлдээн, өнгөний өөрчлөлтүүдээр тайз, үзэгч хоёрыг нягт холбож өгсөн уран шийдлүүд ч анзаарагдаж байсан. Харин энэ удаад нээлттэй өдөрлөгт оролцсон "Гэм зэм" жүжгийн туслах найруулагч Н.Энхмаа "Юун түрүүнд бид постдрам гэж юуг хэлээд байна вэ гэдэгт тодорхой ойлголт өгөх нь зөв болов уу. Учир нь найруулагч М.Батболдын өмнөх жүжиг болох Гётегийн "Фауст" ч постдрам төрлөөр үзэгчдэд хүрсэн. Постдрам төрөл нь дан ганц сонгодог, эсвэл мюзикль байдаггүй. Үүн дотор бүх төрлүүд нэгддэг. Түүгээрээ ч ихээхэн онцгой. Бид дан ганц сонгодог жүжгээс гадна бүх төрөл жанрыг нэгэн дор цогцлоосон бүтээл үзэж яагаад болохгүй гэж. Тиймдээ ч шинэ үеийн теарт гээд байгаа юм" хэмээв.
Өнгөрсөн жилийн сүүлээр хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарч Улаанбаатарын томоохон театрууд үүд хаалгаа барьсан. Гэвч энэ нь нэг талаар зохимжгүй үг. Учир нь тэд хөл хорионы үед ч жүжгийн бэлтгэлээ алгасалгүй явуулж, уран бүтээлээ тасралтгүй хийсээр байлаа. Уран бүтээлчид дайн самуун, цар тахал, байгалийн гамшиг зэрэг ямар ч нөхцөлд бүтээлээ үйлдвэрлэсээр ирсэн. Мөн сонгодог романыг жүжиг болгон тавих боломжгүй гэдэг үзэл санаа хэдэн арван жилийн өмнө үгүй болсон. Монголд ч тийм үзэл санаа амьд хэвээрээ бус болов уу гэж найднам. Дахин нэг шинэ театр ийнхүү Монголд үүдээ нээж байна. Та морил!