Мотокросын улсын аврага шалгаруулах нээлттэй тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМотокросын улсын аврага шалгаруулах нээлттэй тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд энэ сарын 8-ны өдөр боллоо.
Энэхүү Мотокросын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 85, 125, 250, сонирхогчийн гэсэн төрлүүдэд нийт 30-аад тамирчин оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьжээ. Сэлэнгэ аймагт болсон энэ удаагийн тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын тамирчид оролцсон нь тэмцээнийг өргөн цар хүрээтэй болгож, цаашдаа олон улсын түвшинд зохион байгуулах эхлэлийг тавьж өгснөөрөө онцлогтой боллоо хэмээн зохион байгуулагчид үнэллээ. Өнгөрсөн жил энэхүү уралдааныг “Сэлэнгэ-2015” нэртэйгээр “Forbes Mongolia” сэтгүүлийн нэрэмжит болгон зохион явуулж байсан юм. Харин энэ жилийн уралдааныг “Selenge Group” өөрийн нэрэмжит болгон зохион явуулж байгаа аж. Ирэх 2017 онд УБХТН-ийн Сэлэнгэ аймгийн дарга асан Б.Мягмаржавын нэрэмжит, түүний дараа жил 2018 онд мото спортын гавьяат дасгалжуулагч н.Баасанжавын нэрэмжит болгон энэ өдөр буюу 7-р сарын 8-нд зохион байгуулж байх талаар ярилцан шийдвэрлэсэн тухайгаа “Сэлэнгэ мотор” ТББ-ын тэргүүн, Сэлэнгэ түмэндээ “бяцхан” хэмээн алдаршсан М.Гамбаа тэмцээний үеэр хэллээ. Тэрээр мото спортын анхны тамирчдын нэг Б.Мягмаржав агсаны хүү юм. Сэлэнгэ аймгаас угшилтай энэхүү мото спорт нэгэн хэсэг тасарч чимээгүй болсон. Харин энэхүү мотоспортыг дахин сэргээн хөгжүүлэхээр Сүхбаатар сумын уугуул, сумын Нутгийн зөвлөлийн дарга Л.Энхтөр санаачлагч олон хүмүүсийн тусламж сэтгэлээр өнгөрсөн жилээс дахин сэргээж байгаа тухай энэ үеэр оролцогчид дурьдаж байлаа. Уг тэмцээнийг зохион байгуулахад Сүхбаатар сумын ЗДТГ, “Шилдэг барилга” төсөл, “Баялаг Мэдээ”, УБТЗ, “Сэлэнгэ Мотор, “MGL International” компани,”UPS” Олон улсын буухиа шуудангийн хамт олон дэмжиж тусалсан байна. Ингээд тэмцээний дүн гарахад сонирхогчийн төрөлд ОХУ-ын тамирчин н.Алексей, 125-ын төрөлд монголын тамирчин П.Төрбат, Ө.Сандагдорж, 85-ын төрөлд Б.Мэндбилэг, 250-ын төрөлд Х.Тэмүүжин нар төрөл тус бүрдээ түрүүлж, улсын аваргын алтан медалийн эзэд болжээ.
Уралдааныг Сүхбаатар сумын ЗДТГ, Сүхбаатар сумын Нутгийн зөвлөл, Монголын автомашин мотоциклийн спортын холбоо, “Сэлэнгэ мотор” ТББ-аас хамтран зохион байгуулсан байна. Ирэх жил дан мото бус автомашины уралдаантай хамт зохион байгуулна гэдгээ зохион байгуулагчид амалсан.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг