Олон улсын спортын наадмын хүрэл медалийн болзол хангажээ

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-07-10 16:58:59

ОХУ- ын Саха Якутск улсад болж буй “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадмын жүдо бөхийн 66 кг- ийн жинд өнөөдөр Дундговь аймгийн “Эрдмийн далай” сургуулийн сурагч Г. Ууганбаяр хүрэл медалийн болзол хангажээ. Монголын бөхчүүдээс өнөөдрийн байдлаар 4 алт, нэг мөнгө, 2 хүрэл медаль зүүгээд байгаагийн нэг нь Г. Ууганбаяр болсон байна.

 “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадмын жүдо бөхийн 66 кг- ийн жинд “Эрдмийн далай сургуулийн сурагч Г. Ууганбаяр, самбо бөхийн 78 кг- ийн жинд “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Б. Чинзориг нар барилдахаар дасгалжуулагч багш М. Цолмонбаярын удирдлага дор бэлтгэлээ хийсэн.

Г. Ууганбаярын хувьд өнөөдөр ОХУ- ын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж ялжээ. Тэрээр  жүдо бөхөөр хичээллээд 5 жил болж байгаа бөгөөд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 медаль зүүж ирсэн, амжилт, барилдааны ур чадвар өсч яваа өсвөрийн бөх юм.
"Азийн хүүхдүүд" олон улсын спортын наадамд  Монгол Улсаас 170 гаруй тамирчин спортын 18 төрөлд нь оролцож байгаа бөгөөд Дундговь аймгаас самбо, жүдо бөхөөс гадна сагсан бөмбөгийн шигшээ багт хоёр тамирчин тоглоно. Шигшээ багийг Дундговь аймгийн биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч О. Буянтогтох дасгалжуулж байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ