Монгол, Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлал төвтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-11-12 16:12:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элчин сайд С.Баатаржав Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуульд 2021 оны 11 дүгээр сарын 11-нд зочилж, Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнештай уулзан Монгол, Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлал төвтэй танилцав.

 

Уулзалтын үеэр Элчин сайд С.Баатаржав Европын орнууд дотроос Монголын тухай хамгийн их судалсан орнуудын тэргүүн эгнээнд Унгарын эрдэмтэд, тэдний бүтээл туурвил зүй ёсоор орж буйг цохон тэмдэглэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буйг дурдан цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, түүх, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулахад Элчин сайдын хувьд анхаарч зохих дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнеш тус сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимд монгол хэлний багш ирүүлэхэд анхаарал хандуулахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд С.Баатаржав Монгол Улсын Шинжлэх ухааны академиас ирүүлсэн монгол судлалтай холбоотой сүүлийн үеийн бүтээлээс Хатагтай Бирталан Агнешт гардуулж ажлын амжилт хүсэв гэж Будапешт дахь ЭСЯ мэдээллээ.


Холбоотой мэдээ