“Мөсөн өргөө” анхны өдөрлөгөө амжилттай зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс /УОК/-ын зөвшөөрлийн дагуу Шинэ Яармаг хороолол дахь "Мөсөн өргөө" өчигдөр Гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд, 50 хувийн дүүргэлттэй анхны нийтийн чөлөөт гулгалт зохион байгуулав.
Өдөрлөгт очсон хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, амралтын өдрөө ая тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна.
Нийслэлийнхэн Монголын
анхны "Мөсөн өргөө" буюу Степпа Арена-д ирж, тэшүүрээр гулган,
үлгэрийн баатруудын тоглолт сонирхон, арена лаунж, кофе шопоор үйлчлүүлэн,
цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх боломж бүрджээ.
Гэр бүлийн анхны өдөрлөгт
ирсэн хүмүүс, Монголд ийм мөсөн талбай үгүйлэгдэж байсан юм. Энэ том бүтээн
байгуулалтыг хийж гүйцэтгэсэн, хөрөнгө оруулалт хийсэн хамт олонд талархал илэрхийлж байлаа.
“Мөсөн талбайд хүүхэд багачуудыг гулгуулахаас гадна, сонирхлыг нь татах хүүхэлдэйн тоглолт, дуу хөгжим, үзвэр үйлчилгээ үзүүлж, багагүй хугацаанд хөл хорио гээд гэртээ байсан хүүхдүүдийн сэтгэл санааг сэргээх, эцэг эхчүүдийг хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээг нэвтрүүлж байна" гэж "Степпе Арена" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх онцолж байв.
Тэрбээр, "Монголын үндэсний компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд татварын дараах эздийнхээ хөрөнгөөр бүтээн байгуулсан, олон нийтэд зориулсан үйлчилгээний барилга байгууламж нь их өртгөөр бүтсэн. Тодруулбал, мөсөө хөлдөөнө, цахилгаан, гэрэл техникийн зардал, агаар сэлгэлт гээд холбогдох, хоршиж ажиллах зардал ихтэй тоног төхөөрөмжүүдтэй. Мөн олон ажилтан үйлчилгээ үзүүлдэг. Бид 40 гаруй ажлын байр шинээр үүсгэж, тэднийхээ цалин нийгмийн даатгалыг төлж байна. Хэвлэл мэдээллээр өртөг өндөр байна гэсэн мэдээ гарсан. Олон улсын түвшинтэй харьцуулахад маш бага зардлаар үнэлгээгээ тогтоосон. Нийгэмд буруу ойлголт өгч байгаад харамсалтай байна. Бидэнд хүсэлт гаргасан хүн бүртэй хамтран ажиллахад бэлэн. Эхнээсээ ч хамтарч байгаа. МҮОХ-ноос хүсэлт гаргавал бид таатай хүлээн авна. Олимпод оролцохоор бэлтгэлээ хийж буй мөсний тамирчидтай хамтарч ажиллахад ямар ч асуудалгүй. Шорт трейк, уран гулгалт, хоккейн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Хоккейн 4-5 клуб хамтын ажиллагааны гэрээ байгуулсан" гэлээ.