Дундговь аймгийн ИТХ- ын дарга мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-11 18:07:22

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Дундговь аймгийн ИТХ- ын дарга С. Буджав мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ Дундговь аймаг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсныг онцлон дурьджээ.

Мэндчилгээнд, “Дуу хуур, авъяас билэг, айраг найраг, хөдөлмөр бүтээл, хүн чанар, буян ном, оюун ухааны өлгий Дундговь аймгийн эрхэм иргэд ээ! Хүндэт наадамчид аа!

Та бүхэндээ Монголын тулгар төрийн 2225, Үндэсний их баяр наадам ардын хувьсгалын 95, Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Зуун зууны түүхтэй Монгол наадам ёслол төгөлдөр эхэллээ. Дундговийн ард түмэн ч Монгол төрийнхөө наадмаа азтай хийморьтой, хурдтай, түүхэн шагналтай эхэлж байна. Наадмын анхны өдөр хурдан хязаалангийн түрүү магнай болон эхний 10-т хурдалсан хязаалангийн дийлэнх нь Дундговийн уяачдын ажнай хүлгүүд байсан нь нутгийн ард түмнийг баярлууллаа. Үндэсний их баяр наадмыг босгон дээр Эрүүл мэндийн салбараас манай аймгийн отгон гавъяат төрж, Монгол Улсын хүний гавьяат эмч  цолоор Д.Данзансамбуу эмч шагнууллаа.

Үүнтэй хамтатган танд дуулгах хамгийн сайхан мэдээ бол Дундговь маань 75 жилийн ойн босгон дээрээ Төрийн одонтой аймаг болж байна.

Үндэсний соёл, уламжлалыг хадгалж хамгаалах, өвлөн уламжлахад манлайлал үзүүлж, мал аж ахуй, аялал жуучлалын салбарт шинэ санаачлага гарган хөдөлмөрлөж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, бүтээлч нийгэм цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулсан иргэдийн маань хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгч Дундговь аймгийг Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасан тухай мэдээ дөнгөж сая ирлээ.

Энэ мөчөөс эхлэн та бид Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Дундговь аймгийн иргэн боллоо.Халуун баяр хүргэе,  Хүндэт иргэд ээ.

Энэ түүхэн шагнал бол манай аймгийн ард иргэдийн омогших  бахархал, дээдлэх уламжлал, дэлгэрэх соёлыг бадрааж, аймгийн хөгжлийг улам дэвжин дээшүүлэхэд түлхэх хүч нь болно гэдэгт бат итгэж байна” гэжээ.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ