ОХУ дахь Монгол консулуудын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2021-11-16 09:19:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Оросын Холбооны Улс дахь Монгол консулуудын зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулав.

 

Уулзалтад Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваа, Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал, ОХУ дахь Монгол Улсын Худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суугаа Өргөмжит консул Е.Кузьмин, Монгол Улсын Соёлын Элч И.Селезнёв нар оролцов.

 

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёлын салбар дахь харилцаа, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, гадаад улсад Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн консулын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга зам зэрэг сэдвээр ярилцаж, мэдээлэл солилцлоо.

 

ОХУ-д суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс бэлэглэсэн, Москва хотын Хүндэтгэлийн дэнж /Поклонная гора/ дэх цэцэрлэгт хүрээлэнд байрладаг “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ “Монгол, Орос дахь Рерихийн гэр бүлийн өв” дугуй ширээний ярилцлагад цахим хэлбэрээр оролцов.

Холбоотой мэдээ