“Талибан” эмэгтэйчүүд тоглосон олон ангит кино гаргахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-22 10:44:37

КАБУЛ. /AFP/. Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүд тоглосон олон ангит кино гаргахаа зогсоохыг телевизийн сувгуудад уриалсан “шашны шинэ удирдамжийг” ням гарагт танилцуулжээ.


“Талибан” Буяныг сурталчлах, бузар үйлээс урьдчилан сэргийлэх яаманд өгсөн ийм төрлийн анхны чиглэлдээ мөн телевизийн эмэгтэй нэвтрүүлэгчдэд хижаб өмсөхийг үүрэг болгосон байна.


Мөн тус яам Исламын болон Афганистаны үнэт зүйлсийн эсрэг утга агуулга бүхий кино, хөтөлбөрүүдийг хориглохыг уриалжээ. “Эдгээр нь дүрэм журам бус шашны удирдамж” гэдгийг яамны хэвлэлийн төлөөлөгч Хакиф Мохажир “AFP” агентлагт мэдээлжээ.


“Талибан” хөдөлгөөн энэ удаад зүй зохистой хэм хэмжээнд удирдан засаглахаа мэдэгдсэн хэдий ч эмэгтэйчүүдийн их сургуульдаа өмсөж болох хувцсыг журамлаж, хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэх амлалт өгснөө үл харгалзан хэд хэдэн сэтгүүлчид дарамт үзүүлсэн байна.


Энэ оны наймдугаар сарын 15 хүртэл улс орныг удирдсан Өрнөдийн дэмжлэгтэй Засгийн газруудын удирдлага дор бие даасан хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд ихээхэн ахиц дэвшил гарчээ. Тухайлбал, Өрнөдийн дэмжлэг, хувийн хөрөнгө оруулалтаар олон арван телевизийн суваг, радио байгуулагдсан байна.


Мөн сүүлийн 20 жилийн хугацаанд Афганы телевизүүд “American Idol” шоутай төстэй дууны тэмцээнүүдээс эхлээд Турк, Энэтхэгийн олон ангит кинонуудыг нэвтрүүлэх зэргээр өргөн хүрээний хөтөлбөрүүдийг үзэгчдийн хүртээл болгох болсон байна. Харин "Талибан" 1996-2001 онд засаглах үед телезиз, кино үзэхийг хориглодог байсан бөгөөд "Voice of Sharia" хэмээх цор ганц радиогоор суртал ухуулга нэвтрүүлдэг байжээ. 

Холбоотой мэдээ