Турк улсын Элчин сайд Зафер Атеш: Энэ бол сэтгэлийн тусламж

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-11-23 14:02:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА манай улсын нийгэм, боловсролын салбарт олон хөтөлбөр төсөл хэрэгжүүлж байна. Түүний нэг болох Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургуулийн анги танхимыг тохижуулж, нийслэлийн Налайх дүүргийн Ахмадын өргөөг байгуулсныг газар дээрээс нь сурвалжиллаа.

Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, ТИКА-гийн суурин төлөөлөгч У.Эмрах нарыг өчигдөр Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургуульд очиход сурагч хүүхдүүд “Турк орон миний нүдээр" гар зургийн болон "Турк орноор аялцгаая” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаснаа үзүүлж, Монгол, Турк улсын далбаа барин угтлаа. Тус сургуулийн ерөнхий эрдмийн хоёр танхимыг ТИКА агентлагийн санхүүжилтээр иж бүрэн тохижуулжээ.




Хоорондоо дамждаг өрөөтэй, хоёр ангиар орвол цэлгэр саруул цэмцгэр танхим угтаж, сурагч хүүхдүүд тав тухтай сурах нөхцөлийг сайжруулжээ. Энд сурагчдын ширээ, сандал бүрийг стандартын дагуу нийлүүлснийг сургуулийн захирал Л.Хосбаяр бидэнд танилцуулсан юм.




Тэрээр, “Манай бага сургуульд 334 хүүхэд сурдаг. Манай сумын 5 багаас гадна Баяндэлгэр зэрэг зэргэлдээ зарим сумын ойр нутаглаж суурьшдаг айлын хүүхдүүд ч сурч байгаа. Манай сургуулийн анги танхимыг тохижилах ажлыг энэ оны 9 дүгээр сард эхлүүлээд одоо хүлээлгэн өгч байна” хэмээн Туркийн олон улсын ТИКА байгууллагад талархалаа илэрхийлсэн юм.

“Бид ТИКА-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Цаашид ч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ итгэлийг тус байгууллага төрүүлсэн. Юу гэвэл ТИКА Монгол, Туркийн ард түмний найрамдалт харилцааны гүүр болон манай улсад олон сайхан төслийг гардан хэрэгжүүлдгийг бид сайн мэднэ” гэсэн юм.






Сургуулийн захирал Л.Хосбаяраас “Танай сургууль ТИКА-гийн тусламжид хэрхэн яаж хамрагдав?” хэмээн тодруулбал, “Манай ахмад багш Б.Дэнсмаа сургуулиа шинэчилж тохижуулъя гэж анх санаачлан ТИКА-д хандан хүсэлт тавьснаар бид тус байгууллагатай холбогдож энэ төслийг хэрэгжүүлсэн. Энэ нь хэн ч санал санаачилга, хүсэлт тавихад хүлээн авдаг, хэрэгжүүлдэг байгууллага гэдгийг харуулж байна. Хэнд ч боломжийг олгож байдагт талархаж байна" гэсэн юм.  Улмаар шинэ анги танхимаа нээж хүлээн авах үеэрээ сургуулийн удирдлага, хамт олон төслийг санаачлагч Б.Дэнсмаа багшид хүндэтгэл илэрхийлсэн юм.

Энэ үеэр сургуулийн бага ангийн багш Ц.Энхцэцэг хэлэхдээ, хөдөө орон нутгийн сургуульд хөрөнгө оруулалт ер нь бага байдаг. Туркийн ард түмний зүгээс багш, сурагч биднийг тохилог тухлаг, тавтай орчинд ажиллаж сурах нөхцөлийг сайжруулахад тус дэм болж байгаад баярлаж байна гэв. Тэрээр тус сургуулийг төгсөн, Багшийн сургуульд суралцаад энэ сургуульдаа 25 жил багшилж байна гэв.







Зафер Атеш: Монгол-Туркийн худалдааны эргэлт өнгөрсөн жил 40 сая ам.доллар байсан. Ирж буй онд 50 сая ам.доллар давна гэж бодож байгаа. Цар тахлын нөлөөг багасгаж, энэ тоог илүү ихэсгэхийг хичээн ажиллана.


Элчин сайд Зафер Атешаас “Боловсролын салбарт тусалж буй энэ дэмжлэг нийгмийн ч гэлээ, төслийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч ААН, байгууллага тусламжийн ажлыг хийж гүйцэтгэхэд ямар нэг шаардлага тавьдаг уу?” гэж тодруулахад, “Энэ бол ТИКА-гаар дамжуулж буй Туркийн ард түмний сэтгэлийн тусламж. Энд гүйцэтгэл дээр ямар нэг шаардлага байхгүй. Бүх зүйлийг сэтгэлээрээ хийдэг” хэмээн онцолсон юм.

Түүнээс мөн хоёр орны хамтын ажиллагааны талаар тодруулахад, саяхан болсон Засгийн газар хоорондын хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалахын сайд, Туркээс Дотоод хэргийн сайд нар ахлан хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсаныг дурдлаа. Хуралдаанаас гаргасан нийтлэг шийдвэрийн хүрээнд 2 орны эдийн засгийн харилцаа, худалдаа ирэх онд улам илүү хөгжинө гэв. Хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн жилд улам өргөжиж буйг ноён Элчин сайд тэмдэглээд, Монгол-Туркийн хоорондох худалдааны эргэлт өнгөрсөн жил 40 сая ам.доллар байсан. Ирж буй онд 50 сая ам.доллар давна гэж бодож байгаа. Цар тахлын нөлөөг багасгаж, дээрх тоог илүү нэмэгдүүлэхийг хичээн ажиллана гэв.




Турк улсын Элчин сайд Зафер Атеш, ТИКА-гийн суурин төлөөлөгч У.Эмрах нар дараагаар нь нийслэлийн Налайх дүүрэгт хүрэлцэн ирсэн юм. Энд Соёлын төвд ТИКА-гаас мөн бүрэн тохижуулсан Ахмадын өргөөний танхимын нээлтэд дүүргийн ахмадууд, Хөдөлмөрийн баатар, гавьяатууд ирсэн байлаа.

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ