Төслийн баг орон нутагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-14 01:00:03

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2016-2019 онд хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн удирдлагын нэгж, орон нутаг дахь Төслийн хэрэгжилтийн нэгжийн хамтарсан баг төсөлд хамрах Хатгал тосгон, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр суманд ажиллав.

 
Монгол улсын аялал жуулчлалын томоохон бүс болох Хөвсгөл нуур орчмын эко аялал жуулчлалын тогтвортой хөгжил, иргэд, малчдын амьжиргаа, хог хаягдлын асуудлыг цогцоор нь авч үзэх нь  төслийн гол зорилт юм.  Энэ хүрээнд орчны бүсийн иргэдийн оролцоотой Хатгал, Ханхад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, орчны бүст мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн менежмент, зохистой ашиглалтыг сайжруулах, малчдын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, нуур орчны хог хаягдлын менежментийг сайжруулахад чиглэсэн төслийн үйл ажиллагаа, хүрэх үр дүн, санхүүжилт, дэмжлэгийн талаар төслийн баг зорилтот сумдын иргэд, үр шим хүртэгчдэд дэлгэрэнгүй танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийж оролцогчдын санал бодлыг сонсчээ. Төслийн баг сумдад ажиллах үедээ орон нутгийн онцлог, төслийн хүрээнд дэмжиж ажиллах шаардлагатай бичил бизнесийн чиглэл, сургалтын хэрэгцээ шаардлагыг судлан үйл ажиллагаандаа тусган ажиллахаар болжээ. Тухайлбал Хатгал тосгонд аялал жуулчлалын болон хог хаягдлын хамтын менежментийн загварыг нэвтрүүлэх, гэр буудлын үйлчилгээг сайжруулах, морин хөтөч, завьчид, гар урчуудад зориулсан дэмжлэгүүдийг үзүүлэх, Ханх суманд ОХУ-аас ирж буй жуулчдын хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр суманд Хөвсгөл нууртай холбосон аялал жуулчлалын шинэ маршрутыг бий болгон хөгжүүлэх, зөгийн аж ахуй, мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний ногоо тариалах, жимс, жимсгэнэ боловсруулах, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлыг сайжруулахад төсөл, орон нутгийн зүгээс хамтран ажиллахаар болсон ажээ.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ